

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
Саяхан улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо. Энэ өдрийг тэмдэглэхийн утга учир ач холбогдолын талаар ярина уу?
-Монгол улс даяар улс төрийн талаар хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 31 жилийн өмнө хууль эрх зүйн талаас нь баталгаажуулж тэмдэглэдэг болсон. Хамгийн гол нь энэ өдрийг тэмдэглэхийн утга учир нь тэр хэлмэгдсэн хүмүүсийн тухайн үед хэлж байсан өөрсдийнх нь үзэл санаа сэтгэл хэр зэрэг үнэн байсан юм бэ гэдгийг энэ өдөр нотолж байгаа хэрэг юм.
Өөрөөр хэлбэл энэ нь Монголын төр тэр хэлмэгдсэн улсуудаасаа уучлалт гуйж, тухайн үед төр энэ хэлмэгдүүлэлтийг өөрөө хийсэн гэдгээ баталсан гэсэн үг. Энэ үүднээсээ Монголын төр засаг энэ өдөрт зориулан мэхийн ёсолж байгаа нь зөв. Тэр утгаараа энэ өдрийг тэмдэглэж байгаагийн гол утга учир үүнд оршиж байгаа гэж ойлгож болно.
Монголд өнөөдөр ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна гэж зарим хүмүүс үздэг. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс Монголд явагдсан энэ аймшигт улс төрийн хэлмэгдүүлэлийг зөв зүйтэй зүйл байсан мэтээр ярьж байна. Энэ бол Монголын ардчилалд асар их хортой зүйл. Тэр түүхээ мэдэхгүй хүмүүс хэлмэгдсэн улсуудын ар гэрийнхий нулимс нь хатаж амжаагүй байхад тухайн үед хэлмэгдсэн тэр хүмүүс өөрсдөө буруу байсан гэж ярьж байгаа нь өөрөө аймшигтай зүйл. Тэгэхээр бид нар түүхээ сайн мэдэж ой санамжийн дархлаатай байх ёстой.
Миний бодлоор ийм яриаг хэсэг бүлэг хүмүүс зориуд ярьж байгаа гэж би үздэг. Тэр 1937-1941 оны хооронд болсон энэ хэлмэгдүүлэлт бол бүх нийтийг хамарсан залхаан цээрлүүлэлт, цуст яргалал байсан.Тэр үүднээсээ ийм яриа гаргаж байгаа хүмүүсийг бид нар ялгаж салгаж харах ёстой. Магадгүй ингэж ярьж байгаа тэр хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө ч хэлмэгдэх аюултай. Өнөөдөр мөн хүний эрхийн зөрчил манай улсад хамгийн ихээр гарч байна. Үүнийг ч мөн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж хэлж болно.
Манай улсад байдаг Хүний эрхийн комисс энэ тал дээр ямар ч ажил хийхгүй байна. Тэгэхээр энэ хүний эрхийн зөрчил чинь даамжирсаар байгаад хүнийг хэлмэгдүүлж байна. Үүнийг хэн хийж байна гэхээр төр өөрөө хийж байгаа гэсэн үг. Өмнөх хэлмэгдүүлэлтийг ч төр хийсэн. Тэгэхээр төр өөрөө үүнийг цаашдаа засаж залруулах ёстой.
ХХ зууны энэ хар түүхээс өнөөгийн Монголын нийгэм, төр засаг, ялангуяа залуу үеийнхэн ямар сургамжийг авах ёстой вэ?
-Энэ өдрийг бид байнга санан дурсаж байх ёстой. Тэр үүднээсээ энэ аймшигт хэлмэгдүүлэлтийг дахиж гаргаж болохгүй юм байна гэдгийг хүн бүхэнд сануулж байх ёстой. Энэ асуудал бол бидэнд үлдсэн маш гашуун сургамж болж үлдсэн. Одоогийн залуучууд үүнийг сургамж гэдгээр нь хүлээж авах ёстой. Гэтэл тэд сургамж гэхээсээ зүгээр нэг өнгөц байдлаар хараад байна. Тэр хүмүүс маань үүнийг хөнгөхөн хүрээнд ойлгох биш манай улсын түүхэнд ийм аймшигт хэлмэгдүүлэлт болж байсан юм байна. Бид ч бас ингэж хэлмэгдэж магадгүй юм байна гэдэг зүрх сэтгэлээрээ хүлээж авах ёстой.
Хэрвээ тэгж чадвал ирээдүй хойч үе маань ийм юмыг дахиж гаргуулж болохгүй юм байна гэдэг тийм ойлголттой болно. Тэр үүднээсээ үүнийг байнга хойч үедээ сануулж байх ёстой. Мөн цагаатгах ажлыг удирдан зохицуулах газар түүний салбар комисс судалгааны ажлаа тасралтгүй явуулж байх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажил дунд нь тасрах гээд байна. Тэр утгаараа үүнийг бид байнга авч явах ёстой. Мөн энэ талаар байнга ярьж хэлж байгаа хүмүүсээ төр дэмжиж ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал энэ хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа бас бага ч атугай зогсонги байдалд орно.
Ж.Батдорж
