

Өсвөр нас бол хүүхэд бие хүн болон төлөвшиж, өөрийгөө танин мэдэхийн зэрэгцээ эцэг эхээсээ тодорхой хэмжээнд тусгаарлаж эхэлдэг чухал үе. Энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, мэргэжил сонголтод нь хэрхэн зөв чиглүүлэх талаар боловсролын зөвлөх Э.Сүндарьтай ярилцлаа.
Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, ойлголцох ёстой вэ?
Хүн бие хүн болж төлөвшихийн нэг хэсэг нь эцэг эхээсээ өөрийгөө тусгаарлах байдаг. Хүүхэд төрөөд эхэндээ өөрийгөө ээжээсээ тусдаа организм гэдгийг мэддэггүй. Харин ойролцоогоор нэг наснаас эхлэн өөрийгөө тусдаа хүн гэдгийг ойлгож эхэлдэг. Зургаан нас хүртлээ хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо танилцаж, харин 13 наснаас илүү бие даасан болж, “Би хэн бэ?” гэдгээ ойлгохыг хичээдэг. Өмнө нь эцэг эхтэйгээ адилхан талаа олж хардаг байсан бол энэ үеэс “Би эцэг эхээсээ юугаараа өөр вэ?” гэдэгт илүү төвлөрч эхэлдэг. Тиймээс өсвөр насны үе эцэг эхчүүдэд нэлээд хэцүү байдаг. Багадаа маш ойр дотно байсан хүүхэд хөндийрөх, багаасаа ярилцдаггүй байсан хүүхдийн ааш зан бүр ч өөрчлөгдөх тохиолдол бий. Энэ үед хүүхдийнхээ зан авирыг шууд буруутгахын оронд нас, хөгжлийн онцлогийг нь ойлгож, ярилцах хэрэгтэй.
Өсвөр насны дааврын өөрчлөлт, бие хүн төлөвших үйл явц 18-19 наснаас тогтворжиж эхэлдэг. Улмаар 20 орчим наснаас хүүхэд эргээд аав, ээжтэйгээ ойртож, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх сонирхол нэмэгддэг.
Таны хувьд өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг. Өнөөгийн хүүхдүүдэд ямар асуудал түгээмэл байна вэ?
Эрүүл мэнд, нойр, хооллолт, сэтгэлзүйн асуудал их болсон байна. Ахлах ангийн хүүхдүүдтэй ажиллахад олон хүүхэд хорт зуршилтай болсон, мөн дэлгэцийн хамааралтай буюу төвлөрч хичээл хийх чадвар нь буурсан байдал ажиглагддаг. Үүнд амьдралын хэв маяг их нөлөөлж байна. Спорт, идэвхтэй хөдөлгөөн багассан. Мөн хүүхдүүд өдөрт олон цагийг түгжрэлд өнгөрөөж байгаа нь стрессийг нэмэгдүүлдэг. Энэ бүх хүчин зүйл суралцах үйл явцад сөргөөр нөлөөлж байна. Хамгийн түрүүнд ахлах ангийн хүүхдүүдэд гэртэй нь ойрхон чанартай боловсрол эзэмших, хичээлээ сонгон суралцах боломж, эрүүл аюулгүй орчинд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх орон зай хэрэгтэй байна.
Ахлах ангийн сургалтын хөтөлбөр хүүхдийн хэрэгцээтэй хэр нийцэж байна гэж хардаг вэ?
Одоо ахлах ангийн хүүхдүүд нийт 18 хичээл үзэж байна. Ихэнх хичээлийн агуулгыг 9, 10 дугаар ангид заагаад дууссан байдаг учраас ахлах ангид шинэ мэдлэгийн хэрэгцээ харьцангуй бага байдаг. Харин ахлах ангийн хүүхдүүд ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Бодитоор сонирхож байгаа чиглэлээрээ дадлага хийх, төсөл хэрэгжүүлэх, хичээлээс гадуур туршлага хуримтлуулах шаардлагатай. Гэтэл манай сургалтын хөтөлбөр танхимын хичээлийн цаг ихтэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл ахлах ангийн хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага сургуулийн хөтөлбөртэй бүрэн нийцэхгүй байна.
Төрөлжсөн ахлах сургууль нь багшийн нөөц болон анги танхимын хүрэлцээ муу байгаа өнөөгийн нөхцөлд тодорхой хэмжээнд тохиромжтой шийдэл байж болно. Хүүхдүүд өөрсдийн сонирхож байгаа хичээл, агуулгаа түлхүү судалж, цаашид мэргэжлээ сонгоход хэрэгтэй суурь мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Мэргэжил сонголтын үед эцэг эх, хүүхэд юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ?
Бусад улс орнуудад хүүхдүүд 16 наснаас эхлэн мэргэжлийн чиглэлээ таньж мэдэхийн тулд дадлага хийж эхэлдэг. Ерөнхийдөө хүүхэд өөрийн сонирхож байгаа гурван чиглэлээ сонгоод, тус бүр дээр нь нэг нэг сар дадлага хийж үзэхийг зөвлөдөг. Сүүлийн үед хүүхдүүдэд тулгарч байгаа нэг асуудал нь сонирхож буй мэргэжлийн чиглэл нь Монгол Улсад хангалттай хөгжөөгүй байх тохиолдол юм. Ялангуяа өндөр технологи, шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарын хөгжил, ажлын байр, цалин хөлс зэрэг нь хүүхдийн сонголтод нөлөөлж байна. Тиймээс би хүүхдүүдэд “Өнөөдрийн Монгол Улсыг хараад биш, ирээдүйн Монгол Улсыг харж мэргэжлээ сонгоорой” гэж зөвлөдөг. Миний хувьд зөвхөн хүүхдүүдэд бус багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулдаг. Арилжааны, ашгийн зорилготой зуучлалын байгууллагууд танилцуулга хийхдээ хүүхдэд ямар боломж байгааг тайлбарлахаас илүү өөрсдийн үйлчилгээг танилцуулах тохиолдол бий. Үүнээс шалтгаалаад эцэг эхчүүд хэтэрхий эрт шийдвэр гаргах гэж яардаг. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө сайн судалгаа хийх хэрэгтэй.
Мөн сургуулиуд олон байгууллагатай хамтран ажиллаж, хүүхдүүдэд мэргэжилтэй танилцах, дадлага хийх бодит боломж олгох шаардлагатай. Есдүгээр ангиас нь эхлээд хүүхдийн мэргэжил сонголтын системийг бүрдүүлж, өөрийнх нь сонирхол, чадвар, ирээдүйн боломжийг нь харгалзан бэлтгэх нь зүйтэй.
