m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
199
Оюутнууд өдөрт хамгийн багадаа 10,000 төгрөг хоолондоо зарцуулж байна

Хичээл сургууль эхэлж буйтай холбогдуулан оюутнуудын өдөр тутмын хэрэглээ нэмэгдэж байна. Үүний нэг хэсэг нь өдрийн хоолны зардал юм. Оюутнууд өдөрт хэд хэдэн хичээл дараалан ордог тул гэртээ очиж амжихгүйгээс болж гадуур хооллох нь элбэг.

Тэгвэл нийслэлийн их, дээд сургуулиудын ойролцоо байрлах цайны газруудын хоолны үнэ болон оюутнууд өдөрт хэдэн төгрөгийг хоолондоо зарцуулдаг талаар мэдээллийг хүргэе.

“Өдөрт хамгийн багадаа 10,000 төгрөг хоолондоо зарцуулж байна.”

Төмөр Замын Их Сургуулийн 3-р түвшний оюутан Г.Одончимэг: “Одоо цахимаар хичээллэж байгаа болохоор өдрийн хэрэглээний мөнгө харьцангуй бага орж байна. Хичээл танхимаар орох үед хамгийн багадаа л 10,000 төгрөг зарцуулдаг. Ер нь ихэвчлэн CU, GS25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлдэг.Өглөө бол ундаа, сүү уугаад печень идээд гэрээсээ гардаг. Өдөр нь кимбаб, хотдог гэх мэт бэлэн хоолыг сонгодог.”

МУИС-ийн 4-р түвшний оюутан Б.Буянням: “Оюутанд зориулсан хөнгөлөлттэй эсвэл хямд цэс байдаггүй тул санхүүд их дарамттай байдаг. Аль болох гэрээсээ хоол хийж авчрахыг хичээдэг ч 07:40-д хичээлтэй үед амжддаггүй учраас гадуур хооллодог. 20,000 орчим төгрөгийг хоолондоо зарцуулж байна. Гэвч үнийн хувьд хувьд өндөр мөртлөө порц бага, сонголт муу санагддаг.” гэлээ.

Тэгвэл оюутнуудын хамгийн их сонгон үйлчлүүлдэг хоолны газрын үнийн мэдээллийг сонирхуулбал:

Шөлөндөө: Хөнгөн зууш 6,800 төгрөг, шөлтэй хоол 8,800-11,800 төгрөгийн хооронд, захиалгат хоол 12,800 төгрөг байна.

Мандах: Салат 5,000-6,000 төгрөг, нэгдүгээр хоол 8,000-11,000 төгрөг, хоёрдугаар хоол пирошки (махтай)-3000, пирошки (төмстэй)-2,500, бусад хоолнууд нь 11,000-20,000 төгрөгийн хооронд байна.

Tse: Үндсэн хоол, шөл 8,800-11,800 төгрөг, nuggets болон dokbuki 5,000 төгрөг, сет хоолны үнэ 25,000 төгрөг ба түүнээс дээш байна.

Иймээс оюутан өдөрт 10,000-20,000 төгрөг хоолондоо зарцуулдаг гэж үзвэл, хичээлийн 16 долоо хоногийн амралтын өдрүүдийг хасаад, бүтэн нэг семестрт 800,000-1,600,000 төгрөгийг зөвхөн өдрийн хоолондоо зарцуулдаг байна.

Б.Ариунжаргал