

Насанд хүрэгчдийн Улсын отго харваа өнөөдөр Улаанбаатар хотын үндэсний сурын талбайд “Мэргэ үе” боссоноор эхэлж байна.
Отгон харваа нь тухайн жилийн харвааг хааж, дараа жилийн өнгийг тодорхойлдог улсын чанартай томоохон тэмцээнүүдийн нэг юм. Харваа нийтдээ гурван өдрийн турш үргэлжлэнэ.
Тэмцээнд 427 эрэгтэй харваач, 263 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаагаас Монгол улсын дархан мэргэн хоёр, залуу харваач 150 гаруй оролцож байна. Үндэсний сурын харваанд хүйс хамаарахгүй оролцдог.
Сур харваа нь шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрч, эрт цагт дайн байлдаан, ангийн хэрэгсэл байсан бол өнөө үед спортын төрөл болж хөгжсөөр байна. Бие бялдар, тэсвэр тэвчээр, оюун санаагаа уусан нэгтгэвээс харваачийн нударга тогтдог, үндэсний өв соёлын салшгүй нэгэн хэсэг юм. Иймээс жилийн жилд үндэсний өв соёлоо тээн, түгээн дэлгэрүүлэх залуусын тоо нэмэгдэж байна.
Энэхүү тэмцээн нь харваачдын ур чадварыг сорихын зэрэгцээ төрийн зарлигт харваач, спортын, цол, зэргийн болзол хангах боломж олгодгоороо онцлог юм.
Тодруулбал, харваачид онооны дараах шалгуураар спортын цол, зэрэг олгоно.
32 ба түүнээс дээш оноо: Спортын мастер,
30-31 оноо: Спортын дэд мастер,
28-29 оноо: Нэгдүгээр зэрэг,
26-27 оноо: Хоёрдугаар зэрэг,
24-25 оноо: Гуравдугаар зэрэг олгодог байна.
Б.Ариунжаргал
