

Монголчууд бид эртнээс мал сүргээ "таван эрдэнэ" хэмээн дээдэлж, өсгөж үржүүлж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Жил бүрийн эцэст малын тоо толгой өсөж, хэдэн саяар тоологдох үед баярлаж, бахархдаг сэтгэхүй бидний дунд байсаар ирсэн. Гэвч өнөөдөр бид энэ их малынхаа ашиг шимийг 100 хувь хүртэж чадаж байна уу гэдгээ бодох цаг болсон.
Учир нь манай улсын малын тоо толгойн энэ хэт өсөлт эргээгээд бэлчээрийн хомсдол, цөлжилт, экосистемийн доройтлыг дагуулж, мал аж ахуйн салбарын ирээдүйд аюул учруулж эхэлсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийт малын тоо 60-70 саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлтүүдийг тогтоосон. Гэвч энэ их тооны цаана бэлчээрийн хомсдол, цөлжилтийн аюул манай улсыг нэрвээд байгаа нь нууц биш.
2018–2020 оны хооронд гарсан Монголын Бэлчээрийн нэгдсэн холбоо болон үндэсний мониторингийн судалгаагаар манай орны нийт бэлчээрийн 65-70 орчим хувь нь тодорхой хэмжээгээр доройтож, талхлагдсан гэх түгшүүртэй дүн гарсан. Уг судалгаагаар доройтсон бэлчээрийн бараг тал хувь (46.9%) нь дунд зэрэг, 15.6 хувь нь нэн хүчтэй доройтлын зэрэгт шилжсэн гэсэн дүн мэдээ байна.
Хамгийн аюултай нь бэлчээрийн доройтлын 49 хувийг хүний буруутай үйл ажиллагаа буюу малын тооны хэт өсөлт, сүргийн бүтцийн алдагдал (ямааны эзлэх хувийн жин өссөн) эзэлж байгааг судлаачид тогтоогоод буй.
Энэ үүднээсээ энэ их доройтлын улмаас зундаа өвсгүй, өвөлдөө цасгүй болох тутамд малчид зуд турханд улам өртөмтгий болж, нэг л өвөл сая саяар нь малаа алдах эрсдэл нүүрлэсээр байна. Энэ нь нөгөөх бидний олон сая малтай гэж баярладаг тоон үзүүлэлт маргаашийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй байгаагийн бодит илэрхийлэл юм.
Бэлчээрийн мал аж ахуй бол манай үндэсний өв соёл гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч орчин үед тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн даац хэтрэлт зэрэг өнөөгийн бодит асуудлууд биднийг энэ байдлаар цааш явахгүй гэдгийг харуулж байна.
Мэдээж бид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гээд шууд бэлчээрийн мал аж ахуйгаа орхиж болохгүй. Энэ хэлбэрт орохын тулд бэлчээрийн уламжлалт мал аж ахуйгаасаа бага багаар татгалзаж эхний ээлжинд төв суурин газар, газар тариалангийн бүс нутгуудад эрчимжсэн мал аж ахуйг яаралтай, хөгжүүлэх шаардлагатай.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чадвал манай улсад асар их боломж бололцоо нээгдэнэ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л жирийн нэг монгол үнээнээс өдөрт 3-5 литр сүү авдаг бол эрчимжсэн фермерийн саалийн үнээнээс 20-30 литр сүү авах боломжтой.
Мөн цөөн тооны чанартай малаас өндөр ашиг шим авснаар өнөөдөр үүсээд байгаа байгаль орны доройтлоо нэг мөр шийдэх боломжтой. Үүнээс гадна эрчимжсэн мал аж ахуйг тууштай хөгжүүлснээр зудын аюул, цаг агаарын хүндрэлээс үл хамааран жилийн дөрвөн улиралд тогтвортой үйлдвэрлэл явуулах давуу талтай.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйн салбарыг стратегийн чухал чиглэл гэж үзэн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр-ийг хэрэгжүүлж байгаа ч энэ ажилд өнөөг хүртэл ахиц дэвшил гарсангүй.
Тийм учраас энэ ажилд малчдын хичээл зүтгэл болон төрийн тууштай бодлого, урт хугацааны стратеги хэрэгтэй. Түүнээс гадна манай улс жил бүр "Мянгат малчин"-ыг шалгаруулж тэднийгээ шагнаж урамшуулдаг. Харин одоо энэ хуучин арга барилаа өөрчилж фермерийн аж ахуй эрхэлдэг мянгат малчдыг шагнаж урамшуулах хэрэгтэй байна.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд юуны түрүүнд тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал байдаг. Ийм учраас одооноос газар тариалангийн бүс нутгуудад чанартай, тэжээллэг ургамал тариалж, тэжээлийн үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн Монгол малыг гадны өндөр ашиг шимт үүлдрийн малтай хослуулж, биотехнологийн ололтыг ашиглан зохиомол хээлтүүлгийг өргөжүүлэх нь чухал.
Манай улс олон жил уул уурхайгаас хамааралгүй, тогтвортой эдийн засгийг бүтээнэ гэж ярьж ирсэн. Гэвч бэлчээрээ цөлжүүлж, малаа зудад үхүүлсээр байвал энэ зорилго хэзээ ч биелэхгүй. Тийм болохоор одооноос эхлэн эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлэх ажлыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй.
Хэрвээ бид малын тоо толгойн араас энэ хэвээр хөөцөлдсөөр байвал бэлчээрийн доройтол дээд цугтаа тулж, манай улс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадваргүй, хямд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байсаар байх болно.
Ж.Батдорж
