m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.09.11 17:42
79
Тойм: Ээлжит бус чуулган нээлтээ хийж, философич С.Молор-Эрдэнийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв

Есдүгээр сарын хоёр дахь долоо хоног Монгол Улсын хувьд улс төрийн халуухан өрнөл, эдийн засгийн чухал шийдвэрүүд болон өндөр дээд түвшний дипломат айлчлалуудаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. 2026 оны 9 дүгээр сарын 7-ноос 11-ний хооронд болж өнгөрсөн гол онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

2026 оны төсвийн тодотголыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэв  

Энэ долоо хоногийн нэгэн онцлох үйл явдал бол УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцсэн явдал байв. УИХ-ын ээлжит бус чуулган Даваа гарагт /2026.09.07/ болж, чуулганы нээлт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг санууллаа.

Мөн энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатараас төсвийн тодотголын талаар мэдээлэл өглөө. Тэрээр: “2026 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, шатахууны нөөц, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг асуудлуудыг шийдэх хэрэгтэй" гэлээ.

Мөн энэ удаагийн ээлжит бус чуулганаар Ардчилсан намын удирдлагууд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан, сонгууль угтсан төсөв боллоо хэмээн үзэж эсрэг байр суурь илэрхийллээ.

Улсын ургацын комиссын хуралдаан болж, ургац хураалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа

Улсын ургацын комиссын хурал энэ сарын 8-нд болж тус хурлаар 2026 оны ургацын урьдчилсан балансын танилцуулга, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, үр тарианы таримлын болц, ургац хураалтын технологийн онцлогийн талаарх зөвлөмж болон Улсын ургацын комиссын гишүүдийн мэдээллийг сонслоо.

Хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат “Дэлхий нийтийг хамарсан геополитикийн нөхцөл байдал ялангуяа хөрш орнуудад үүссэн дайны улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа энэ хүнд цаг үед үндсэн нэр төрлийн таримлыг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр төрөөс олон чухал шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгааг" онцоллоо.

Философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Улмаар түүнийг Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж, прокурорын саналыг үндэслэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

Тэгвэл түүнийг суллуулахаар өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа манай улсал айлчиллаа.

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна.

БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар боллоо

Өнгөрсөн долоо хоногт болсон бас нэг онцлох үйл явдал бол Монгол Улс БНХАУ-аас түлш шатахуун урт хугацаанд тогтвортой авахаар болсон явдал байв.

Энэ үеэр Монгол Улс БНХАУ-аас шатахуун урт хугацаанд тогтвортой авах, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж, нүүрс-химийн үйлдвэрлэлийн чиглэлээр төлөвлөгөө гарган судалж хамтран ажиллахаар тохиролцлоо. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпорацын Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх санал тавьж хамтарч ажиллах болсныг АҮЭБЯ мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон энэхүү уулзалтаар Хятадын CNPC компани Монголд есдүгээр сард 10 мянган тонн авто бензин, онгоцны 4000 тонн түлш, 3000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон байна. Мөн манай талаас дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан энэ сард нэмж 5000 тонн АИ-92 авто бензин, 20-30 мянган тонн дизель түлш, 10 дугаар сард 10 мянган тонн АИ-92 авто бензин, 30-40 мянган тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-гийн талд хүргүүлэхэд нааштай хариу өгөхөө илэрхийлжээ.

Түүнчлэн цаашид шатахууныг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ, хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC, “PetroChina International”-тай хамтран ажиллахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир, М.Нарантуяа-Нара нар казак иргэдийн асуудлаас болж толхилцов

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аубакир нарын хооронд Баян-Өлгий аймаг дахь халамж, тэтгэмжийн асуудал болон үндэстний цөөнхийн сэдвээс үүдэлтэй маргаан үүсээд байгаа билээ.

Энэхүү толхилцоон нь 2026 оны 9 дүгээр сарын эхээр УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр ил болсон бөгөөд тодруулбал УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Баян-Өлгий аймгийн казак иргэдийн дундах халамж, тэтгэмж авагчдын хувь хэмжээ өндөр байгаа зэрэг асуудлыг хөндөж, Монгол Улсын бодлогын яам болох Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх, түүнийг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргасан юм.

Харин үүний хариуд Сайд Т.Аубакир энэ лхагва гарагт М.Нарантуяа-Нара гишүүнийг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, "фашист" шинжтэй гэмт хэрэг үйлдэж байна хэмээн үзэж, түүний асуудлаар хууль хяналтын болон холбогдох байгууллагад албан ёсоор хандсанаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нийслэлд хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр энэ үеэр нийслэлийн агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах шийдлүүдээ танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 51 хувийг гэр хорооллын 191,926 яндан, 31 хувийг автомашины бохирдол, 12 хувийг 273 уурын зуух, 6 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд нийт 73,862 өрх амьдарч байгаа. Нийслэлээс агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах дараах шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.