

Хан-Уул дүүргийн 4,7,23,24 дүгээр хороод дундаа нэг улсын сургуультай. Нийслэлийн 34-р сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Тус сургууль 960 хүүхдийн багтаамжтай боловч одоогийн байдлаар 6500 хүүхэд суралцаж байгаа юм.
34-р сургуулийн багш Б.Гэрэлтуяа: Таван цаг хичээллэх ёстой ч гурван цаг танхимаар, нэг цаг цахимаар хичээллэж байна.
57 хүүхэд ангид багталцахгүй зарим нь самбарын урд тулаад сууж байгаа. Хамгийн хойно сууж байгаа хүүхдүүд самбар дээрхийг харахад ч хүндрэлтэй.
Эцэг эхийн төлөөлөл: Манай охины анги 56 хүүхэдтэй. Гурван ээлжтэй учраас нэг анги гурван цаг л хичээллэдэг. Ийм богино хугацаанд нэг багш жаран хүүхдэд хүрч ажиллах нь үнэхээр хүртээмжгүй байна. Хан-Уулын дөрвөн дүүрэг дундаа нэг улсын сургуультай. “Агарта” хотхонд байрлалтай сургууль ашиглалтад ороход бэлэн болсон ч улсаас авах төсөв байхгүй гэсэн.
Эцэг эхийн төлөөлөл: Нэг ангид 60 хүүхэд суухад агааржуулалтаас эхлээд асуудал үүснэ. Дээрээс нь стандарт цагийн дагуу хичээллэж чадахгүй гуравхан цаг сурч байна. Энэ бол хүүхдийн эрхийг асар ноцтой зөрчиж байгаа хэрэг. Энэ хавьд баригдаж байгаа сургуулиудын ажил бараг таван жил болж байна. Одоо ашиглалтад орох гэхээр ширээ, сандал авахгүй мөнгөгүй гэнэ. Энэ асуудлаа шийдэх хангалттай хугацаа байсан шүү дээ.
Эцэг эхийн төлөөлөл: 10 гаруй давхар хувийн барилгууд нэг жилийн дотор баригдаад дуусаж байна. Гэтэл улсын сургуулийн барилгын ажил 2-3 жил үргэлжилдэг. Болдог бол хүүхдээ хувийн сургуульд оруулмаар байгаа ч боломж нь үнэхээр алга.
НИТХ-ын дарга Л.Хосбаяр: 4-р хороонд нийслэлийн төсвөөр баригдсан сургуулийг Улсын комисс хүлээж авсан. Одоо тавилга, сандал, ширээний асуудал л үлдээд байна. Бусад сургуулиуд санхүүжилтийн улмаас хугацаандаа амжиж чадаагүй. Гэрээний дагуу арван нэгдүгээр сарын 15-нд багтан хүлээлгэж өгөх ёстой. Төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийг түргэн шийдэж өгөөгүйн улмаас үйл явц удааширдаг.
