Нийгэм
7 цагийн дараа
188
Амьгүй ургийн цогцсыг журмандаа гурван сарын турш хадгалах ёстой

Амгалан амаржих газарт нярайн цогцсыг гурван сарын турш хадгалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, цогцсыг эзэнгүй хадгалсан, ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэх зэрэг асуудал үүсээд байна. мөн Дархан-Уул аймгийн харьяат 27 настай эх тус эмнэлэгт эндсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Эдгээр асуудлын талаар амагалан амаржих эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболдоос тодрууллаа. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хяналт, үнэлгээний баг манай эмнэлэгт гурав хоногийн өмнө ирж ажилласан. Тухайн цогцос нь эзэнгүй хаягдсан зүйл биш. Зургадугаар сарын 10-нд төрөлт эхлэхээс өмнө амьгүй төрсөн ураг байсан бөгөөд задлан шинжилгээнд орсон. Шинжилгээний хариу наймдугаар сарын 3-нд гарсан. Манай байгууллагын даргын тушаалаар ар гэр нь цогцсыг аваагүй тохиолдолд гурван сар буюу 90 хоног хадгалж, хугацаа дууссаны дараа ар гэрийнхэнд нь дахин мэдэгдэж, эмнэлгийн журмын дагуу шийдвэрлэдэг.

Тухайн тохиолдолд хадгалах хугацаа нь дуусаагүй байсан. Мөн ургийн нэр, жин зэрэг мэдээлэл бүртгэлтэй байгаа. Энэ нь төрөхөөс өмнө эндсэн тохиолдол учраас нярай бус, амьгүй ураг юм. Сэтгүүлзүйд үүнийг янз бүрээр нэрлэж байна. Ерөнхийдөө 22 долоо хоногоос доош жирэмслэлтийг зулбалт гэж үздэг бол төрөлт эхлэхээс өмнө эндсэн тохиолдлыг амьгүй ураг гэж нэрлэдэг.

Ар гэрийнхэнд нь мэдэгдэж, задлан шинжилгээнд оруулсны дараа цогцсыг авахыг хүссэн. Долдугаар сард хоёр удаа ар гэрийнхэнтэй нь холбогдсон боловч аваагүй. Цаашид дахин гомдол гаргах магадлалтай учраас байгууллагын даргын тушаалын дагуу гурван сар хадгалж байгаа. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас мөн тодруулга авч, зураг хөргийг нь авч явсан.

27 настай эх эндсэн тухайд 27 настай эх эндсэн нь үнэн. Эндсэнтэй холбоотойгоор ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Монгол Улс хууль, цаазат улс. Тухайн эхийн нас баралтын шалтгаантай холбоотой шинжилгээ шүүхийн байгууллагад явагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Иймээс одоогоор энэ асуудлаар нэмэлт тодруулга өгөх боломжгүй. Харин хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Одоогоор аппаратад холбогдсон, байнгын хяналтад байна. Амаржих газрууд харьяаллыг харгалзахгүйгээр шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Ялангуяа эхийг буцаахгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Тухайн эхийн үндсэн хаяг Дархан-Уул аймагт байсан боловч Баянзүрх дүүрэгт оршин сууж, тэнд хяналтад байсан учраас манай эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан. Мэдээж эх, нярай эндэж байгаа нь харамсалтай, хүнд асуудал.

Төрөх, амаржих гэдэг нь зөвхөн нэг хүний асуудал биш, эх, нярай болон ар гэрийнх нь сэтгэл зүрхтэй холбоотой байдаг. Манайхаар үйлчлүүлж байгаа, манай эмнэлэгт харьяалагдан тусламж үйлчилгээ авч буй иргэдийнхээ төлөө бид эцсээ хүртэл мятрашгүй ажиллаж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх болно. Мөн олон нийтийн сүлжээнд тархаж буй баталгаагүй мэдээлэлд авталгүй, албан ёсны мэдээлэлд анхаарахыг хүсэж байна гэдгийг хэллээ.