Нийгэм
7 цагийн дараа
87
Т.Хонгор: Бага насны хүүхдийн хүчирхийллийг ойр дотны хүмүүс үйлддэг

Хүүхдийг танихгүй хүнээс хамгаалахыг бид заадаг. Харин хүүхэд өөрийн итгэдэг хүнээс хүчирхийлэлд өртвөл яах вэ? 2024 онд хүчиндэх гэмт хэргийн 675 хохирогч бүртгэдсэнээс 436 буюу 64.6 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байжээ. Тэдний 29 нь долоо хүртлэрх насныхан, 173 нь 8-13 насныхан, харин 234 нь 14-17 насны хүүхдүүд байна. Хүүхдийн хүчирхийлэл их байгаа болон хүүхдийн хүчирхийлэл ойр дотнын хүмүүсээр үйлдэгддэг талаар хуульч, өмгөөлөгч Т.Хонгортой ярилцлаа. 

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл ихэвчлэн ямар орчинд байдаг вэ? 

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ихэнхдээ гэр бүлийн гишүүд, хамаатан садан, ойр дотнын хүмүүсийн хүрээнд үйлдэгддэг. Ялангуяа манай монголчууд гэр бүл, хамаатан саднаараа цугладаг, хамаатны хүүхдүүд нэгнийдээ очиж хонодог тохиолдол элбэг. Энэ үед хүүхдээ хараа хяналтгүй үлдээх нь эрсдэлтэй. Зарим тохиолдолд хүүхэд цахим орчинд үзэж, харж байгаа зүйлээсээ буруу ойлголт авах, эсвэл өөрөөс нь хэдэн насаар ах хүн бэлгийн шинжтэй зүйл ярих зэрэг байдлаар бэлгийн харилцаанд уруу татах тохиолдол байна.

Мөн зарим гэр бүл хамаатан садныхаа нэр хүндийг бодоод “заавал нэгнийгээ хэрэгтэн болгоод яах вэ” гэх мэтээр хэргийг дарж, нуух тохиолдол байдаг. Үүнээс болж хүүхэд хохироод үлддэг. Бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс нэг удаагийн үйлдлээр зогсох нь ховор. Тэр тусмаа бага насны хүүхдийн хувьд хүчирхийллийг дахин дахин үйлдсэн байдаг. Үүний улмаас хүүхэд насан туршдаа сэтгэлзүйн шархтай үлдэж, бусдад итгэхэд хүндрэлтэй болдог.

Хүүхэд бага насандаа хүчирхийлэлд өртөөд, олон жилийн дараа хуулийн байгууллагад хандах тохиолдол байдаг уу? 

Байдаг. Бодит амьдрал дээр бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөөд, өсвөр насандаа дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдол ч олон байна. Үүнээс болоод аавыгаа үзэн ядах, ирээдүйд хүнтэй гэрлэхгүй байх зэрэг сэтгэлзүйн хүнд үр дагавар гардаг. Харин тухайн хүчирхийлэл үйлдсэн хүн гэр бүлтэй болоод, амьдралаа үргэлжлүүлээд явж байдаг. Хохирогч олон жилийн дараа л хуулийн байгууллагад ханддаг. 10 жилийн өмнө хүчирхийлэлд өртсөн хүмүүс ч холбогдож байна. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээс ч холбогддог. “Би Монголд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тухайн үедээ аав, ээждээ хэлсэн боловч хүлээж аваагүй. Тэр хүн одоо Монголд ажиллаж, амьдарч байна. Би гомдол гаргаж болох уу, хэрхэн гаргах вэ?” гэж асуудаг. 

Хүүхдийг сүрдүүлж, хүчирхийлдэг хүмүүсийн дунд ойр дотнын хүмүүс байдаг гэж хэллээ. Энэ талаар тодруулбал? 

Яг хүүхдийг сүрдүүлж, хүчирхийлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хойд эцэг, төрсөн эцэг зэрэг ойр дотнын хүмүүс байдаг. Энэ төрлийн аймшигтай гэмт хэргүүд ч гарсан. Жишээлбэл, өсвөр насны охины бие физиологийн хувьд хөгжиж эхлэх үед харж таашаал авах, дараа нь бэлгийн шинжтэй зүйл ярьж эхлэх, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчирхийлэх тохиолдол гардаг. Хүүхэд энэ талаар ээждээ хэлбэл “Ээжийг чинь ална”, ах, эгчдээ эсвэл цагдаад хэлбэл “гэрийг чинь шатаана” гэх мэтээр айлгаж, сүрдүүлдэг. Үүнээс болж хүүхэд айгаад хүчирхийлэл нуугдмал байдлаар үргэлжилдэг.

Цахим орчинд хүүхдийг хамгаалахад эцэг эхчүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Ялангуяа TikTok зэрэг цахим платформоор хүүхдүүд хоорондоо зохисгүй агуулгатай зүйл бичилцэх, бие биенээ айлгаж сүрдүүлэх тохиолдол байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд нь ямар групп, чатад байгаа, цахим орчинд юу хийж байгааг нь анхаарах хэрэгтэй. Мөн аав, ээжүүд хүүхдийнхээ дэргэд өөрсдөө ямар зүйл хийж болох, болохгүйгээ мэддэг байх шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд олноороо архидан согтуурах, хүүхдийн дэргэд хараалын үг хэлэх зэрэг томчуудаас шалтгаалах олон зүйл бий. Томчууд өөрсдөө үүнд анхаарч байж хүүхдүүд зөв хүмүүжил, зөв үлгэр дуурайл авна. Мөн “уулзъя”, “учиръя” гэх мэт ёс бус, бэлгийн шинжтэй агуулга бүхий мессежийг хүүхдүүд рүү бичиж, бэлгийн дур хүслээ хангахыг оролддог хүмүүс олон байдаг. Хүүхдүүд ийм мессежийг устгаж, нуух биш ээж, аавдаа үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд ч үүнийг мэдсэн тохиолдолд өнгөрөөхгүйгээр цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулах шаардлагатай.