

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учралын ээжийн удирддаг “Их засаг кинг” сургууль төсвөөс 3.5 тэрбумын санхүүжилт авах хүсэлт гаргасан гэх мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар хийхдээ
"Монголын төрийг талцуулж байгаа “түгжилмаа” бол А.Ариунзаяа гишүүн болон түүний нөхөд. Хэрүүл дагуулсан эксель файлыг олон нийтэд түгээсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун гэдгийг албан ёсоор зарлая. Энэ жагсаалтынхан гэж ам хэл , ааш араншин, амбиц шунал нь гүйцэгдэхгүй хүмүүс байна.”
гэж О.Саранчулуун гишүүнийг дайруулж хэлэв. Тэгвэл А.Ариунзаяа гишүүн өөрийгөө ч, О.Саранчулуун гишүүнийг ч өмөөрөөд авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Би төрийг түгждэг хүн бол биш. Л.Энх-Амгалан сайд өөрөө ийм файл байсныг хүлээн зөвшөөрч байна. Энэ яагаад төрийг бусниулах ажил, гэмт хэрэг болчихов. Би нэр төрөө сэргээлгэхийн тулд цагдаа шүүх, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандана. О.Саранчулуун гишүүн миний үеэл дүүтэй суусан хүн. УИХ дотор хоорондоо хамаатан садан, төрсөн ах дүү хүмүүс зөндөө бий. Яагаад гэнэт бид хоёрыг холбоод эхлэв.
Жагсаалтын гишүүд мэдлэгтэй оюунлаг хүмүүс байдаг. Болохгүй зүйлийг шүүмжилж, асуулт асуудаг. Ерөнхий сайд аа, энэ хүнээ ажлаас нь чөлөөл. Л.Энх-Амгалан сайд аа, Хөтлөлцөж очоод шалгуулъя
Харин О.Саранчулуун гишүүн нэгэн цагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө хамтран зүтгэж явсан Л.Энх-Амгалан сайд өөрийг нь ийн хэлсэнд гомдох, гутах зэрэгцэн байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Би А.Ариунзаяа гишүүний бэр байлаа гээд Л.Энх-амгалан сайдын эсрэг харлуулга хийнэ гэж байхгүй. Байнгын хорооны гишүүдийн гурпп дээр Сангийн яамнаас ирүүлсэн файлыг баримт биш гэж байгааг гайхаж байна. Туршлагатай улс төрч ийм юмаар улс төр хийж байгааг хариуцлагагүй үйлдэл гэж харж байна.
Би цагтаа Л.Энх-Амгалан сайдыг огцруулахгүй гээд тэмцэж явлаа. Гэтэл намайг “түгжил” гэж нэрлэсэн байна.
Шинэхэн долоо хоног улс төрийн уйдамгүй маргаанаар эхэлж байна. Л.Энх-Амгалан сайд өөрийн нэр төрийг хамгаална гэж мэдэгдэхдээ А.Ариунзаяа, О.Саранчулуун гишүүдийг “түгжилмаа” гэж нэрлэн, басхүү О.Саранчулууныг “жагсаалтын гишүүн” хэмээн ялгаварлав. Харин эдгээр гишүүд “хэрүүл дагуулсан эксель файл” гэж цоллогдоод буй хүснэгтийг баримт мөн хэмээн үзэж байна.
