
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан УИХ-ын нэгдсэн чуулганд орохоос татгалзлаа.
Тэрээр "Төсвийн тодотгол нэртэй маш их алдааны цаана монголын ард түмэн хохирч үлдэж байна. Ерөнхий сайд хэлэхдээ төсвийн тодотгол нь айл бүрийн аж амьдрал, гал тогоотой холбоотой гэж хэлсэн. Гэвч энэ дүн дотор Монгол улсын хамгийн хүнд хэцүү амьдралтай 112 мянган иргэний асуудал хөндөгдөөгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьжиргааны доод түвшнээс доогуур амьдарч байна.
Төсвийн байнгын хорооны хурал дээр 330 мянган төгрөгний тэтгэмжтэй хүний тэтгэмжийг нэмэхээр инфляцид нөлөөлөх гээд байна гэж хэллээ.
Өмнө нь ерөнхий сайд асан Г.Занданшатар бас яг ингэж хэлж байсан. Үндсэн хуульд нийцсэн жирийн амьдруулах эрхийг нь хангахын төлөө инфляцид нөлөөлнө гэж худлаа яриад байгаа юм бэ. Яагаад төрийн дээд албан тушаалтны айлчлалаас хасаж болохгүй байгаа юм бэ?
Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төмөр нүүрээ биш бөгсөө харуулж байна.
Төсвийн байнгын хорооны хурал дээр “Харин ч тэтгэмжийг нь хасаагүй шүү” гэж даапаалж байна. 330 мянган төгрөгнөөс юуг нь хасах вэ дээ. Та нар нэг сар 330 мянган төгрөгөөр амьдраад үзээрэй. Хэдээр нь эм тариагаа авч, хэдээр нь амьдрах билээ. Ирэх онд 10 хувиар нэмнэ гэж байна. Нэмэгдээд 363-525 мянга болно. 2026 оны амьжиргааны доод түвшин 537 мянган төгрөг шүү дээ. Амьжиргааны доод түвшнээс доогуур яаж амьдар гэж байгаа юм.
Би УИХ-ын чуулганд ороод энэ талаар үгээ хэлэх боломж байхгүй. Тийм болохоор "нүд хуурсан" төсвийн тодотголд орохгүй гэж бодож байгаа. Маргаашнаас эхлээд 2027 оны төсөв ярихад би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ.
