

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “МОНГОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн ХААН галерейд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.
Уран бүтээлчийн хувьд Ц.Цэгмэд урлагийг “Дээд ертөнцийн санааг зүрх сэтгэлээрээ мэдэрч, бие махбодын гүн мэдрэмжээр нээн илрүүлэх үйл явц” хэмээн тодорхойлдог. Түүний уран бүтээлийн үзэл баримтлалын цөмд зөн совин, онгодын чөлөөт урсгал оршдог бөгөөд зураач хүн оюун бодлын хүлээсээс ангижирч, дотоод мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх үед далд ертөнцийн мөн чанарыг бүтээлээрээ хүргэх боломжтой хэмээн үздэг. Энэ үзэл санаа нь түүний бүтээлүүдийн өнгө, зураасны хөдөлгөөн, орон зайн зохиомж, цаг хугацааны мэдрэмж зэргээр илэрч, нэгэн цогц уран сайхны хэллэгийг бүрдүүлдэг.

“МОНГОЛ” үзэсгэлэнгээрээ дамжуулан зураач Ц.Цэгмэд Монголын уламжлалт сэтгэлгээ, байгаль дэлхий, хүн төрөлхтний оршихуйн холбоог өөрийн уран бүтээлийн өнцгөөс харуулж байна. Үзэсгэлэнгийн нэрнээс эхлээд бүтээл бүрд шингэсэн бэлгэдэл, дүрслэл нь Монголын тухай ойлголтыг зөвхөн газар нутаг, түүх соёлоор хязгаарлахгүйгээр оршихуй, сэтгэлгээ, байгальтайгаа харилцах харилцааны түвшинд илэрхийлснээрээ онцлог юм.
Монголын уламжлалт соёл, буддын гүн ухаан, байгаль дэлхий болон хүний оршихуйн холбоог өөрийн өвөрмөц уран сайхны хэллэгээр илэрхийлдгээрээ түүний бүтээлүүд онцлогтой бөгөөд Европын уран зургийн техник, арга барилыг олон жилийн турш судалж, тэдгээрийг монгол сэтгэлгээ, бэлгэдэлтэй хослуулан бүтээлүүддээ тусгаж ирсэн уран бүтээлч юм.
“МОНГОЛ” үзэсгэлэн 2026 оны 9-р сарын 30-ныг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд нээлттэй байх тул урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.





