Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Улс төр
5 цагийн дараа
44
Төсвийн тодотгол ба Монголын намрын улс төрийн халуурал

Сүүлийн үед Монголын улс төр намар цагтай уралдан урьд өмнөхөөсөө илүү халуухан, дуулиантай өрнөж байна. Төсвийн тодотголыг хэлэлцэхээр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулган үр дүнгүй өндөрлөж, намрын чуулганы босгон дээр улс төрийн томоохон фракцууд болон эрх баригчдын дундах зөрчил дээд цэгтээ туллаа. Энэ удаагийн намрын улс төр бодлогын мэтгэлцээн бус, харин бие биенийхээ эсрэг баримт дэлгэсэн улс төрчдийн дүр төрхийг тодорхойлж байна. 

Mass.mn сайт улс төрийн хүрээнд өрнөж буй зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль ба 3.5 тэрбум төгрөгийн маргаан

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий, түүний ээжийн нэр дээр байдаг “Их засаг кингс” хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, санхүүжилт олгохоор тусгасан гэх асуудал улс төрийн хүрээнд томоохон маргаан дагуулаад байна.

Харин Боловсролын яамны зүгээс тус сургууль ийм хүсэлт гаргаагүй, Сангийн яамнаас Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв хуваарилаагүй гэж няцаасан боловч УИХ-ын гишүүн О.Саранчулуун байнгын хорооны гишүүдэд очсон задаргаанд "Их засаг кинг" сургуулийн нэр баттай дурдагдсан байгааг баримтаар нотолсон нь гал дээр тос нэмсэн үйл явдал боллоо. 

"Түгжилмаанууд" гэж хэн бэ? Л.Энх-Амгалан сайдын ширүүн мэдэгдэл

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэвлэлийн хурал хийсэн бөгөөд тэрээр энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нарыг "Түгжилмаанууд" хэмээн цоллосон юм. Мөн тэрээр хувьсах зардалтай холбоотой яамны дотоод эксел файлыг А.Ариунзаяагийн зөвлөх олон нийтэд санаатайгаар задруулж, Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан гэж буруутган, АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа зарласан.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар энэхүү мэдэгдлийг няцааж, "Сэтгүүлчдийн асуултад үнэн зөв хариулсныхаа төлөө улсын дайсан болох ёсгүй" хэмээн, хууль хяналтын байгууллагаар хөтлөлцөөд шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна.

Иргэн Б.Энхмөнхийн эсэргүүцэл

Төрийн ордонд энэ бүх зөрчил маргаан өрнөсөнтэй зэрэгцэн иргэн Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг албан тушаалаасаа түдгэлзэж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахыг шаардан Төрийн ордны зүүн урд хаалганы дэргэд эсэргүүцлийн суулт зарлаад байна.

Түүний Ерөнхий сайдыг эсэргүүцэх болсон гол шалтгаан нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголоор хувийн сургуулиудад олгох хувьсах зардлын хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан гэх баримт олон нийтэд ил болсонтой холбогдуулан Ерөнхий сайдыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн шүүмжилсэнтэй холбоотой юм.

Харин Ерөнхий сайд Н.Учралын зүгээс тэдний гэр бүлийн хамаарал бүхий сургууль хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй бөгөөд төсвийн хуульд байхгүй хуурамч жагсаалт гаргаж нэр хүндэд халдсан тул уг асуудлыг хуурамч мэдээлэл тараасан үндэслэлээр АТГ-т хандаж шалгуулна гэж мэдэгдсэн юм.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы "Удган Булнай"-тай холбогдсон бичлэг

МАН-ын дотоод галыг улам дүрэлзүүлсэн өөр нэгэн үйл явдал бол Хууль зүйн сайд С.Амарсайханы эсрэг цацагдсан бичлэг байв. "Удган Б.Булнай" гэх иргэний гэрт цагдаагийн дэд хурандаа очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж буй бичлэг ил болсон юм.

Харин энэ асуудлын талаар Ерөнхий сайд Н.Учрал хатуухан мэдэгдэл хийсэн бөгөөд "Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж болохгүй" гэсэн бол, сайд С.Амарсайхан "Эзгүй хойгуур хүний үнэргүй гүжир гүтгэлгээр сенсаци дэгдээдэг хэн бэ гэдгийг баримтаар ярих цаг нь болсон" хэмээн томилолтоос ирээд албан ёсны тайлбар хийхээ мэдэгджээ. Мөн ШШГЕГ-ын удирдлагууд ч түүнийг хууль бус үүрэг даалгавар өгдөг хэмээн мэдэгдээд байна.  

Монголын улс төрийн дотоод зөрчил биднийг хаашаа хөтлөх вэ?

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганаар улс орны эдийн засаг, цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалтыг шийдэх чухал төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн 3.5 тэрбум төгрөгөөс үүдэлтэй фракц хоорондын тэмцэл чуулганыг үр дүнгүй гацаахад хүргэлээ. Мөн эрх баригч намын дотоод дайн, "Түгжилмаа" хэмээх нэр хаяг, сайд нарын хувийн эрх ашгийн зөрчил зэрэг нь Монгол төрийн шийдвэр гаргах үйл явцыг бүхэлд нь гацаанд оруулж буйг дээрх үйл явдлууд бодитой харуулж байна.

 

Ж.Батдорж