

Өнөөдрийн чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулах байсан. Харин энэ үеэр Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авлаа.
АН-н дарга О.Цогтгэрэл: Улсын төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд өргөн барьдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол Улсын 2027 оны төсвийг дээд тал нь 36 их наядаар өргөн барих ёстой.
Гэтэл та нар төсвийн тодотголыг дагалдуулаад төсвийн хүрээг өргөн барьчихсан үүгээр өөрчилнө гэж байна. Төсөв баригдахаас өмнө хүрээг өөрчилнө гэх санаа хууль ёсны эрх зүйн тайлбар биш.
Хууль зөрчсөн төсвийн хэлэлцүүлэгт орохгүйн тулд АН-ын бүлгээс хууль зөрчсөн хэлэлцүүлэгт орохгүйн үүднээс 3 хоногийн завсарлага авч байна. Засгийн газар хуульд нийцүүлж өргөн барих ёстой.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д байдаг. Үндсэн хуульд улсын төсвийг УИХ өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Өргөн мэдүүлсэн төслийн бүрдлийг хянах хуультай. Процессын дагуу улсын төсвийг хүлээж авсан. УИХ төсвийг хэлэлцэхдээ чуулганы тухай хуулийн 9-р бүлэгт улсын төсөв түүнийг хэлэлцэх журам гээд 69-р зүйл байж байгаа. Энд 2025 оны 7-р сарын 9-ны өдөр өөрчлөлт оруулсан. Улсын төсвийг таван хэлэлцүүлэгтэй болгосон.
Улсын төсөв болон дагасан хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд төсвийг дэмжиж цааш нь хэлэлцэх үү шаардлага хангаагүй бусад үндэслэлээр буцаах уу гэдэг УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх.
Тийм учраас УИХ-ын гишүүд санал хураалтаараа өргөн барьсан төсөв, дагах хуулиуд нь хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ. Санал хураалтаараа шийдвэрлэнэ. Энэ процесс төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр явна.
Шууд дамжуулалт:
