Ж.Батдорж
Сэтгүүлч, Нийтлэлч
Улс төр
8 цагийн дараа
14
Монголд даргын хүүхэд дарга болдог феодалийн шинэ нийгэм ноёрхож байна

Монгол улс ардчилсан, чөлөөт нийгмийн тогтолцоонд шилжээд гуч гаруй жил болсон ч өнөөдөр манай улсад нийгмийн давхраажилтын цоо шинэ анги тогтолцоо бий болоод удаж байна. 

Энэ бол "Даргын хүүхэд дарга болдог үзэгдэл буюу орчин цагийн феодал анги гэгдэх" нийгмийн цоо шинэ анги давхрага юм. 

Өнөөдөр Монголын улс төрд удам дамжсан улс төрчид буюу тэдний гэр бүл, төрөл садангууд төрийн өндөр албан тушаалд ээлж дараалан ажиллаж, энэ нь бүр сүүлдээ бичигдээгүй хуулийн хэмжээнд очоод байна. 

Үүний нэг тодорхой жишээ нь сүүлийн сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын төлөөлөл бөгөөд уг парламентад өдгөө Монголын хоёр том улс намын төлөөлөл болох МАН-АН-ын нөлөө бүхий улс төрчдийн хүүхдүүд олноор орж ирж сууж байгаагаас харж болно.

Эдгээрийн бодит жишээг дурдвал өнөөдөр Монгол улсын шинэ парламентад хуучин улс төрчдийн хүүхдүүд болох Г.Тэмүүлэн, Э.Батшугар нарын араас Ш.Бямбасүрэн (УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү), Б.Жаргалан (Н.Батбаярын охин) зэрэг олон "улстөрчдийн хүүхдүүд" парламентын суудалд шууд залгамжлан сууж байна. Мэдээж эдгээр нэрсийг цааш нь үргэлжлүүлж болно.  

Энэ бол төрийн өндөр албан тушаал олон жил суусан тэдгээр этгээдүүд жирийн малчин, ажилчны эсвэл дундаж давхаргын гэр бүлээс гаралтай, мянга мянган чадварлаг, боловсролтой залуусын боломжийг бүдүүлгээр хулгайлж буй хэрэг бөгөөд өнөөдөр жирийн иргэний хүүхэд хөдөлмөрөөрөө шат ахих гэж насаараа зүтгэж байхад, дарга нарын хүүхдүүд "улаан хивсээр" алхан шууд удирдах албан тушаалд сууж байна. Энэ бол дундад зууны үеийн язгууртны хэргэм зэрэг залгамжлуулах тогтолцоо буюу "Шинэ феодализм" Монголд нүүрлэсний хамгийн тод илрэл юм.

Мөн Монголын нийгэмд энэ бүх тэгш бус байдлыг дэврээж байдаг нэгэн зүйл нь Боловсролын зээлийн сан юм. Тус сангаас дарга нарын хүүхдүүд арын хаалгаар зээл авч гадаадын өндөр чансаатай сургуульд суралцдаг бөгөөд энэ нь эргээд эгэл жирийн, авьяаслаг хүүхдүүдийн боломжийг хулгайлсан "шинэ феодализм"-ын хамгийн тод жишээ юм.

Өнөөдөр олон улсын байгууллагуудын судалгаагаар Монгол Улс авилгын төсөөллийн индексээрээ жил ирэх тусам байнга ухарч, төрийн албаны томилгооны 80 гаруй хувь нь мэдлэг чадварт биш, харин танил тал, намын харьяалал, ураг төрлийн холбоон дээр тулгуурладаг гэсэн дүн гардаг нь нууц биш болсон.

Мөн томоохон намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд нь шинэ үеийн удирдагчдыг бэлтгэх бус, дарга нарын хүүхдүүд болон тэдний цүнх баригчдыг албан тушаалд хүргэх "дамжлага бааз" болон хувирсан бөгөөд энэ гажиг тогтолцооноос болж эрдэм мэдлэгтэй, эх орондоо хэрэгтэй залуус гадаад руу дүрвэж, оюуны дайжилт үүсэж буйн гол шалтгаан болж байна.

Тэр утгаараа цаашид Монголын нийгэмд энэ байдал хэвээр үргэлжилсээр байвал эрх мэдэл, баялаг хэдхэн гэр бүлийн гарт төвлөрч төрийн бодлого жирийн иргэдийн амьдралыг сайжруулахад бус, эрх баригч "язгууртнуудын" бизнесийг хамгаалах, хөрөнгийг нь арвижуулдаг мафийн тогтолцоо руу эргэлт буцалгүй орох болно.

Тийм учраас бид цаашид энэ нийгмийн өвчлөлийг эртнээс таслан зогсоож, төрийн албаны сонгон шалгаруулалтыг шилэн, шударга болгох хэрэгтэй бөгөөд эс тэгвээс Монгол Улс хэлбэрийн хувьд бүгд найрамдах улс боловч, агуулгын хувьд цөөнх засагладаг олигархи, феодалын нийгэм рүү эргэлт буцалтгүй орох аюултай. Тэр үүднээсээ өнөөдөр Монголын нийгэмд эрх ямба залгамжилсан дарга нарын хүүхэд бус, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг чадвартай залуусын тэгш боломж ус агаар мэт үгүйлэгдэж байна.

 

Ж.Батдорж