
Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний холбооны Удирдах зөвлөлийн VI дугаар хуралдаан болж, холбооны бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Хурлаар хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлон, Ерөнхийлөгчөөр “Их үрчин” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Ганзориг, Гүйцэтгэх захирлаар "Сүүн зайрмаг" ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Өлзийсайхан нарыг сонголоо.
МЖДҮҮХ-ны шинэ Ерөнхийлөгч Ц.Ганзориг нь тус холбоонд өмнө нь 7 жилийн хугацаанд Гадаад харилцаа хариуцсан дэд тэргүүнээр ажиллаж, гишүүн байгууллагуудыг олон улсын зах зээл, хамтын ажиллагаатай холбох чиглэлээр ажилласан туршлагатай. Энэ хугацаанд холбооны үйл ажиллагаа, гишүүдийн хэрэгцээ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг нийтлэг асуудлуудыг дотроос нь мэддэг болсон нь шинэ удирдлагын гол давуу тал болж байна.
Тэрээр Удирдах зөвлөлийн хурлын үеэр холбооны цаашдын үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, “Strong SME – Strong Middle Class – Strong Mongolia” буюу “Хүчирхэг ЖДҮ – Хүчирхэг дундаж давхарга – Хүчирхэг Монгол” гэсэн үндсэн зорилтын хүрээнд 3S төлөвлөгөө хэрэгжүүлэхээ танилцууллаа.
Төлөвлөгөөний S1 буюу экспортын чиглэлд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэхэд төвлөрнө. Үүний хүрээнд худалдааны хэлэлцээрийн боломжийг ашиглах, эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэгчдийг олон улсын зах зээл, түншлэлтэй холбох зорилт тавьж байна.
S2 буюу импортын чиглэлд импортыг зөвхөн бууруулах бус, дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх замаар орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөжээ. Үйлдвэрлэгчдийг “үйлдвэрээс үйлдвэрт” зарчмаар холбож, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанартай, өрсөлдөхүйц үнээр дотоодын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд анхаарна.
Харин S3 буюу төрийн худалдан авалтын хүрээнд төрийн худалдан авалтыг ил тод, хүртээмжтэй болгох, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бодит боломж олгох бодлогыг дэмжихээр зорьж байна. Өөрөөр хэлбэл төрийн худалдан авалт дахь ЖДҮҮ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлж, төр болон баялаг бүтээгчдийн хоорондын уялдаа холбоог ойртуулахад чиглэнэ.
Ийнхүү Ц.Ганзориг нь холбоонд олон жил ажилласан туршлагадаа тулгуурлан өмнөх үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ экспорт, импорт, төрийн худалдан авалт гэсэн гурван гол чиглэлээр үйлдвэрлэгчдийн зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, МЖДҮҮХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Шинэчилсэн бүрэлдэхүүнээр Удирдлага, бодлого төлөвлөлтийн байнгын хорооны харьяа долоон хороог байгуулж, дарга болон удирдах гишүүдийг томиллоо. Үүнд:

Уг холбоог төдийгөөс өдий хүртэл 10 жилийн хугацаанд удирдан, үйл ажиллагааг нь өргөжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон олон улсын түншлэлийг хөгжүүлэхэд манлайлан ажилласан Хүндэт Ерөнхийлөгч Ч.Даваабаяр залуу үеийн төлөөлөлд итгэл хүлээлгэн, удирдлагын шинэчлэлийг эхлүүлж байна.
МЖДҮҮХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: “ЖДҮҮ-ийн холбоо нэг үйлдвэрлэгчийн асуудлыг ганцаарчилсан асуудал бус, салбарын нийтлэг асуудал болгон гаргаж тавьдаг, нэг бизнесийн боломжийг олон үйлдвэрлэгчтэй холбодог, дотоодын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээл, хөрөнгө оруулалт, шинэ технологийн боломжтой холбох гүүр байх учиртай. Цаашид төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын боломж бий болгох чиглэлд анхаарч, холбооны цаашдын хөгжлийг илүү үр дүнтэй болгоход анхаарч ажиллана.”

МЖДҮҮХ-ны Ерөнхийлөгч Ц.Ганзориг: “Өмнөх удирдлагын 10 жилийн хугацаанд бий болгосон суурь, хамтын ажиллагаа, туршлагыг үргэлжлүүлж, холбооны гишүүн байгууллагуудынхаа бодит хэрэгцээ, асуудалд тулгуурлан ажиллана. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэгчдээ нэгтгэж, харилцан туршлага солилцох, шинэ зах зээл, хөрөнгө оруулалт, технологийн боломжтой холбох чиглэлд илүү анхаарч ажиллах болно.”

МЖДҮҮХ-ны Гүйцэтгэх захирал Т.Өлзийсайхан: “Энэ бол Монголын мянга мянган баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн итгэл хүлээлгэж өгсөн маш том хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс холбооны гишүүн байгууллагуудынхаа бодит хэрэгцээ, тулгамдаж буй асуудалд илүү ойр ажиллаж, тэдний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, зах зээлд гарах боломжийг нь нэмэгдүүлэхэд анхаарна. Мөн бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, хамтын ажиллагаа, шинэ боломжийг бий болгох чиглэлд ажиллана. Цаашид холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг бүрэн дайчилж, салбар бүрийн төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хэлбэрээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, гишүүддээ бодит үр өгөөж хүргэхийг зорьж байна.”

Мөн “Есөн Од” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Уянга, “Есөн шанд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямбаатар, “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч А.Солонго нар үйлдвэрлэл, бизнесийн шинэ үеийн төлөөлөл болон удирдах зөвлөлд нэгдлээ.



Хагас жилийн ажлын тайлангийн онцлох ажлын нэг нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд хийсэн үйл ажиллагаа байв. Холбоо “Ногоон бүс”-д өөрийн павильон ажиллуулж, гишүүн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, инноваци, ногоон үйлдвэрлэлийг олон нийт болон олон улсын оролцогчдод танилцуулан, шинэ харилцагч, хамтын ажиллагааны түншлэл бий болгох боломж бүрдүүлсэн нь чухал хэрэг байв.

“Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-ны олон улсын нэр хүнд
Дэлхийн улс орнуудад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжихэд бизнесийн холбоод, мэргэжлийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр байгууллага нь зөвхөн гишүүдээ нэгтгэхээс гадна төр, хувийн хэвшлийн хоорондын харилцааг холбож, бизнес эрхлэгчдийн нийтлэг асуудал, саналыг бодлогын түвшинд хүргэх, зах зээл, санхүүжилт, мэдлэг мэдээлэл, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Жишээ дурьдвал: Японд 516 Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг нэгтгэсэн үндэсний бүтэц жижиг, дунд бизнесийн дуу хоолойг төрийн бодлогод хүргэдэг бол Европт SMEunited 24 сая гаруй ЖДҮ-ийн эрх ашгийг бодлогын түвшинд төлөөлж байна.
Монгол Улсад ч энэ жишгийг хэрэгжүүлж, 2015 оноос Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний холбоо үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг нэгтгэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байгаа билээ. Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө...
Нэг үйлдвэрлэгчийн дуу хоолойг салбарын нэгдсэн дуу хоолой болгох нь холбооны хамгийн том үнэ цэнэ юм.



