Зүүн Европ, Кавказ, Төв Азийн орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Тус уулзалтыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зохион байгуулж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлж, бичил биетний нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт нь хүний болон мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, хүрээлэн буй орчинд нөлөөлж буй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болохыг онцлов.
Тэрбээр уг асуудлыг аль нэг улс, салбар дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд “Нэг эрүүл мэнд” зарчмын хүрээнд хүн, мал, амьтан, хүнс, хүрээлэн буй орчны салбарын уялдаа холбоог хангаж, улс орнуудын хамтын ажиллагаа, лабораторийн тандалт, шинжлэх ухааны бодит нотолгоонд тулгуурлан ажиллах шаардлагатай гэлээ. Монгол Улсад 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа хийж буй Бүсийн лабораторийн сүлжээ нь энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит механизм болж байгааг мөн тэмдэглэлээ.
Бүсийн лабораторийн сүлжээ нь 2022 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс 2024 онд долоо дахь гишүүн орноор нэгдсэн. Гишүүн орнууд зөвлөлдөх уулзалтыг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 2026 оны 5 дахь удаагийн уулзалтыг Монгол Улс анх удаа хүлээн авч зохион байгуулж байна.
Энэ удаагийн уулзалтад Монгол, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Оросын Холбооны Улс, Тажикистан улсын холбогдох байгууллага, лабораторийн төлөөлөл танхим болон цахимаар оролцож байна. Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын төв, бүсийн болон улс дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцэж байна. Монголын талаас ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь бичил биетний тэсвэржилтийн асуудлыг салбар хоорондын түвшинд авч үзэхэд чухал ач холбогдолтой юм.
Хоёр өдрийн уулзалтаар гишүүн орнууд бичил биетний тэсвэржилтийн тандалт, лабораторийн шинжилгээ, судалгааны үр дүн, үндэсний туршлагаа харилцан солилцож, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын стандарт, сайн лабораторийн дадлыг нэвтрүүлэх, мэдээллийн удирдлага, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн сүлжээний хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж, гишүүн орнуудын лабораториудад бий болж буй мэдээлэл, нотолгоог бүс нутгийн хэмжээнд үр ашигтай ашиглах, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлон 2027–2028 оны Замын зурагт тусгах арга хэмжээг хэлэлцэж байна. Монгол Улсын хувьд энэхүү уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь үндэсний лабораторийн тандалт, шинжилгээ, судалгааны чадавхыг олон улсын түвшинд бэхжүүлэх, бүсийн орнуудтай мэдээлэл, арга зүй, туршлагаа харилцан солилцох, лабораторийн бодит нотолгоог бодлого, шийдвэр гаргалтад ашиглах, улмаар хүнсний аюулгүй байдал, мал, амьтны болон хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн “Нэг эрүүл мэнд”-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.