Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
6 цагийн дараа
162
Намуудыг хүчирхэгжүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх шийдэл мөн

1990 оноос хойш Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой улс болон төлөвшсөөр иржээ. Гучин таван жилийн энэ замд амжилт ч, алдаа ч бий. Харин 2025 оноос улс төрийн намын тогтолцоонд цоо шинэ өөрчлөлт эхэлж байна. Энэ талаар Иргэний хөгжил бодлогын судалгааны Зориг хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Номун-Эрдэнэтэй ярилцлаа.

Сурвалжлагч: Монголын ардчиллын гучин таван жилийг намын тогтолцооны өнцгөөс хэрхэн үнэлэх вэ?

Д.Номун-Эрдэнэ: Монгол Улс ардчилсан парламентын засаглал, олон намын тогтолцоотой болсон 35 жилийн эхэн үед улс төрийн намууд байгуулагдаж, өрсөлдөөн бий болсон. Харин дунд жилүүдэд намууд төрийн эрх барих, засаглах, энэ үйл явцад оролцох тодорхой туршлагыг хуримтлуулсан. Ингээд сүүлийн 10 орчим жилд намууд харьцангуй тогтвортой байдалд хүрч чадсан ч намуудын дотоод чадавх, институцийн бэхжилт нь сул хоцорсон.

Гэхдээ энэ нь ганц Монгол улсын асуудал биш бөгөөд шилжилтийн үеийн бүх л улсад ижил зүй тогтол ажиглагдсан байдаг. Намууд сонгуулийн механизмд дадлагажиж, төлөвшсөн боловч бодлогын байгууллага болж хараахан чадаагүй. Аливаа улсын ардчиллын чанар нь сонгуулийн давтамжаар бус, намуудын чадавх, чанараар тодорхойлогддог.

Сурвалжлагч: Яагаад намуудыг хүчирхэгжүүлэх нь иргэдийн асуудал болох вэ? Олон хүн намуудад итгэхээ больсон гэж ярьдаг.

Д.Номун-Эрдэнэ: Олон жилийн улс төрийн судалгааны үр дүнг харьцуулж харвал иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэлээс гадна, улс төр, төрийн бүх л институтад итгэх итгэл буурсаар байна.

Гэхдээ нам өөрөө иргэд болон төрийг холбох гүүр болдог. Хууль батлах, засгийн газар бүрдүүлэх, бодлогын хувилбар боловсруулах бүх ажил намаар дамжина. Тэгэхээр нам өөрөө иргэдийг улс төртэй холбож, иргэд, нийгмийн бүлгүүдийн үзэл бодол, шаардлага, хэрэгцээг бодлогын түвшинд гаргаж, хэлэлцүүлэх, батлуулах үйл явц улс төрийн институт болох намаар дамждаг.

Нийгэмд өөр өөр ашиг сонирхол, үнэт зүйл, амьдралын хэв маяг зэрэгцэн оршдог. Хөдөө аж ахуй эрхэлдэг хүний асуудал уул уурхайн бүсийн иргэнийхээс өөр. Залуу гэр бүлийн санаа зовнил ахмад настны асуудлаас ялгаатай. Байгаль орчны асуудлыг чухалчилдаг иргэн, ажлын байрыг тэргүүнд тавьдаг иргэн хоёр хоёулаа зөв.

Тиймээс нам институтын хувьд бэрхжих тэр дундаа бодлогын байгууллагаа бэхжүүлж, тогтмол судалгаанд үндэслэн улс орны хийгээд иргэд, нийгмийн бүлгүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, бодлогын түвшинд гаргаж тавих шаардлагатай.

Сурвалжлагч: 2025 оноос эхэлж буй өөрчлөлт гэж юуг хэлж байна вэ?

Д.Номун-Эрдэнэ: Улс төрийн намын тухай шинэ зохицуулалт олон жил яригдсан хэд хэдэн асуудлыг нэг дор шийдвэрлэсэн.

Тодруулбал, Намуудад төрөөс санхүүжилт олгох тогтолцоо бий болсон. Санхүүгийн ил тод байдал, тайлагналын шаардлага эрс чангарсан. Намын дотоод ардчилалд тавих шаардлага тодорхой болсон. Намын дэргэд бодлогын судалгааны байгууллага ажиллах эрх зүйн үндэс тавигдсан.

Эдгээрийг тус тусад нь харвал техникийн өөрчлөлт мэт харагдана. Хамтад нь харвал намыг сонгуулийн байгууллагаас бодлогын байгууллага болгон хувиргах оролдлого гэж харж байна.

Энэ бол манай улсын хувьд цоо шинэ алхам. Гучин таван жилийн турш намууд зөвхөн өөрсдийн нөөцөөр санхүүжиж, сонгуулийн мөчлөгөөр ажилладаг байсан. Одоо намуудыг зөвхөн сонгуулийн үед бус бусад хугацаанд бодлогын байгууллага болохынхоо хувьд ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлж, энэ чиглэлд ажиллахыг шаардаж байгаа явдал гэж харж байна.

Сурвалжлагч: Татвар төлөгчийн мөнгийг намуудад өгөх нь зөв үү? Энэ асуултыг олон хүн тавьж байна.

Д.Номун-Эрдэнэ: Тиймээ, энэ бол маш чухал асуудал. Хэрэв улс төрийн намууд төрөөс санхүүжихгүй бол зөвхөн хувийн эх үүсвэрээс санхүүжинэ. Тэр нь хоёр сөрөг үр дагаварыг дагуулах эрсдэл бий. Нэг нь их хөрөнгөтэй бүлгийн нөлөө нэмэгдэх, хоёрт нь санхүүжилт нь нуугдмал хэлбэрт шилжинэ.

Европын зөвлөл, Венецийн комиссын зөвлөмжид дурдсанаар улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх, тэгш өрсөлдөөний зарчмыг хангах хэрэгсэл гэж үздэг.

Ингэхдээ санхүүжилт нь ил тод, хатуу хяналттай, зарцуулалт нь тодорхой байх ёстой. Ийм байж чадвал татвар төлөгчийн мөнгө нь ардчиллын дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт болно.

Сурвалжлагч: Гадаад орны сайн туршлагаас юуг онцолмоор байна вэ?

Д.Номун-Эрдэнэ: Төрөөс улс төрийн намуудаа санхүүжүүлдэг туршлага олон оронд бий. Тухайлбал, Герман, Хойд Европ, Төв Европын шилжилтийн улсууд гэх мэт.

Жишээлбэл, ХБНГ улс намуудад төрөөс санхүүжилт олгодог бөгөөд намуудын дэргэд бодлогын сангууд ажилладаг. Тэдгээр нь судалгаа хийж, сургалт явуулж, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлдэг. Манай шинэ зохицуулалтад тусгагдсан бодлогын судалгааны байгууллагын үзэл санаа энэ туршлагатай ойролцоо.

Сурвалжлагч: Төрөөс мөнгө авсан нам төрөөс хараат болохгүй гэж юу баталгаажуулах вэ?

Д.Номун-Эрдэнэ: Ийм эрсдэл бас бий л дээ. Гэхдээ улс төрийн намуудад хараат байдал үүсэхээс сэргийлэх дөрвөн зохицуулалт, механизм байгаа юм.

Нэгдүгээрт, санхүүжилтийг томьёогоор тооцож байна. Аль нэг албан тушаалтны шийдвэрээр биш, сонгуулийн үр дүнд суурилсан тооцооллоор олгож байгаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэн шийдвэр гаргагч өөрийн дураар нэмэх, эсхүл хасах боломжгүй.

Хоёрдугаарт, санхүүжилтийн зарцуулалтыг хуулинд тусгаж, зориулалттай болгосон. Төрөөс улс төрийн намуудад өгч буй санхүүжилтийг намын сурталчилгаа, сонгуульд биш, сургалт, судалгаа, иргэд, нийгмийн бүлгүүд, намын гишүүдийн улс төр, эрх зүйн гэх мэт боловсролд зарцуулах ёстой юм.  Энэ нь улс төрийн намыг бодлогын байгууллага болгох, тийм чадварыг бэхжүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Гуравдугаарт, санхүүжилтийн зарцуулалт, түүнд тавих хяналт нь хараат бус байгууллагад байгаа. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо, аудитын байгууллага хяналт тавьж, тайланг олон нийтэд нээлттэй болгодог.

Дөрөвдүгээрт, нам гишүүний татвар, хандив зэргээр өөрөө санхүүжиж байгаа. Тэгэхээр төрийн санхүүжилт нь тэдгээрийг орлох биш, орхигдоод байгаа хэсгийг нөхөх зорилготой нь харагдаж байна.

Сурвалжлагч: Ил тод байдал практикт хэрхэн хэрэгжих вэ?

Д.Номун-Эрдэнэ: Гурван түвшинд хэрэгжиж байна.

Эхнийх нь тайлагналын түвшинд. Ингэхдээ намууд хагас жил, жилээр санхүүгийн тайлангаа гаргаж, хараат бус аудитаар баталгаажуулж, хяналтын байгууллагад хүргүүлнэ. Хандивын мэдээллийг улирал тутам ил болгоно.

Хоёр дахь нь нийтлэх түвшинд. Тайлан зөвхөн хяналтын байгууллагад очоод зогсохгүй, намын цахим хуудсанд нээлттэй байршина. Иргэн хүн хайлт хийж, татаж авах боломжтой байх ёстой.

Гурав дахь нь агуулгын түвшин. Энэ нь хамгийн хэцүү. Тоо нийтлэгдсэн ч ойлгомжгүй бол ил тод байдал бүрэн биш. Мөнгийг юунд зарцуулсан, ямар арга хэмжээ болсон, хэдэн хүн хамрагдсан, ямар үр дүн гарсан гэдэг нь харагдах ёстой.

Бид гурав дахь түвшинг хамгийн чухал гэж үздэг. Учир нь тэр л иргэнд бодит мэдээлэл өгнө. Үлдсэн хоёр нь техникийн шаардлага.

Сурвалжлагч: Намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллага гэж яагаад хуульд заасан бэ?

Д.Номун-Эрдэнэ: Энэ бол шинэчлэлийн хамгийн бага яригдсан боловч хамгийн урт хугацааны нөлөөтэй хэсэг гэж бодож байна.

Асуудал нь улс төрчид, улс төрийн намууд сонгуулийн мөчлөгөөр ажилладаг. Тэдэнд өдөр тутмын шийдвэр, хэвлэл мэдээлэл, зохион байгуулалтын ажил их байдаг. Урт хугацааны бодлого боловсруулах, судалгаа хийх нөөц үлддэггүй.

Иймд бодлогыг тусдаа мэргэжлийн бүтэц боловсруулах шаардлагатай. Тэр бүтэц нь сонгуулийн үйл ажиллагаанд баригдахгүй, нийгэм, нийгмийн бүлгүүдийн нийтлэг эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн судалгааны арга зүй, аргачлалыг баримтлан судлаж, асуудлыг богино, дунд, урт хугацаанд шийдвэрлэх шийдэл, бодлогыг боловсруулах юм.

Ер нь ийм бүтэцгүй нам бодлогын чанараар удаан хугацаанд өрсөлдөж чаддаггүй, бусдын боловсруулсан бодлогыг хуулах, эсхүл зөвхөн шүүмжлэх байр сууринд шилждэг.

Хуульд энэ бүтцийг заасан нь зөв алхам. Илүү чухал нь санхүүжилтийн тодорхой хэсгийг тэр бүтцэд заавал зарцуулахаар тогтоосон явдал. Ингэснээр зорилго нь тунхаг биш, бодит нөөцтэй болсон.

Сурвалжлагч: Шилжилтийн энэ үед ямар бэрхшээл тохиолдож байна вэ?

Д.Номун-Эрдэнэ: Илэн далангүй ярих нь зөв байх.

Хамгийн том бэрхшээл нь чадавхын зөрүүтэй байгаа явдал. Хуулийн хүрээнд олон шинэ шаардлагыг нэг дор хангах ёстой болсон. Санхүүгийн бүртгэл, тайлагнал, баримтжуулалт, дотоод хяналт, ил тод байдал гэх мэт. Эдгээрийг гүйцэтгэх мэргэжлийн ажилтан намуудад хангалтгүй байна.

Хоёр дахь нь өөрчлөлт шаардлагыг үйл ажиллагаандаа дадал болох, хэвшүүлэхэд хугацаа шаардаж байна. Өмнө нь намууд өөрсдийн мөнгийг өөрсдөө захиран зарцуулж байсан. Одоо төрийн санхүүжилтийг дагасан хуулийн хатуу шаардлага бий болсон. Тодруулбал, үйл ажиллагаа бүрээр гэрээ байгуулах, акт үйлдэх, баримт бүрдүүлэх хуульчилсан шаардлагууд нь бүхэлдээ шинэ.

Гурав дахь нь эрх зүйн орчны шинэчлэл. Хууль батлагдсан ч дагалдах журам, аргачлал бүрэн төлөвшөөгүй явдал юм. Зарим асуудалд мэргэжлийн байгууллагуудын тайлбар зөрж байна. Энэ нь эхний жилүүдэд тохиолдож болох л асуудал боловч практикт хүндрэл үүсгэж байна.

Дөрөв дэх нь хүлээлтийн зөрүү. Олон нийт шууд үр дүн хүлээж байна. Гэтэл институцийн бэхжилт нь хэдэн жилийн ажил юм. Эхний жилүүдэд алдаа гарна, засна, институт төлөвшиж, бэхжинэ. Хугацаа нэлээд шаардагдана.

Эдгээр бодит бэрхшээлийг бид нуух биш, ярих ёстой. Тэгээд хамтран шийдэж, зэрэгцэн төлөвшихөд улс төрийн намууд, бодлогын судалгааны байгууллагууд хийгээд мэргэжлийн байгууллагууд болон иргэд олон нийтийн хамтын бүтээлч оролцоо чухал.

Сурвалжлагч: Үр дүнг хэрхэн хэмжих вэ? Хэдэн жилийн дараа юу харагдах ёстой вэ?

Д.Номун-Эрдэнэ: Үр дүнг дараах дөрвөн үзүүлэлтийн өөрчлөлтөөр хэмжих нь зүйтэй. Үүнд,

Нэг. Намуудын мөрийн хөтөлбөрийн чанар сайжирч байгаа эсэх. Намуудын мөрийн хөтөлбөр ерөнхий уриа биш, тооцоо, судалгаанд суурилсан хэрэгжих боломжтой бодлогын баримт бичиг болох.

Хоёр. Намууд зөвхөн сонгуулийн жилд бус, тогтмол ажиллаж байгаа эсэх. Сургалт, хэлэлцүүлэг, судалгаа тогтмол явагдаж байна уу.

Гурав. Гишүүнчлэлийн чанар. Гишүүдийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх бодит оролцоо бий болж байгаа эсэх.

Дөрөв. Санхүүгийн ил тод байдал. Иргэд хүссэн үедээ намуудын тайланг хараад ойлгож чадаж байна уу гэдгийг харах хэрэгтэй байх.

Гэхдээ үр дүнг богино хугацаанд үнэлэх нь учир дутагдалтай юм. Урт хугацаанд бодлогын эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

Сурвалжлагч: Эцэст нь иргэдэд юу өгөх вэ? Энэ бүхэн жирийн хүний амьдралд ямар хамааралтай вэ?

Д.Номун-Эрдэнэ: Шууд бус, гэхдээ бодитой хамаарал бий.

Бодлого чанартай боловсрогдвол шийдвэр илүү зөв гарна. Зөв шийдвэр нь эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, орлого зэрэг бодит асуудалд нөлөөлнө.

Одоогийн байдлаар олон шийдвэр хангалттай судалгаагүйгээр гардаг. Дараа нь өөрчлөгддөг, буцаагддаг. Хэрэв намуудын бодлогын институт бэхжиж, санал, санаачилга, шийдвэр, шийдэл, бодлого нь илүү мэргэшсэн судалгаа, шинжилгээнд үндэслэж чадвал иргэд, нийгмийн бүлэг, улс орны хэрэгцээг зөв тодорхойлж, хэлэлцээр нь тунхагийн бус, хэрэгжих боломжтой болох юм.

Сурвалжлагч: Зориг хүрээлэнгийн ажлын талаар товч танилцуулна уу.

Д.Номун-Эрдэнэ: Бид Иргэний Зориг Ногоон намын дэргэд бодлогын судалгааны чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Ажлын гурван чиглэл бий. Судалгаа хийж бодлогын хувилбар боловсруулах. Гишүүд, иргэдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах. Хууль, хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж санал боловсруулах.

Онцлог нь ажил бүрд мэргэжлийн баг бүрдүүлдэг. Сэдвээс хамааран хуульч, эдийн засагч, салбарын шинжээч оролцдог.

Санхүүгийн талаас бид шинэ дэглэмийг бүрэн мөрдөж байна. Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвөө урьдчилан гаргаж, ажил бүрийг гэрээгээр гүйцэтгэж, гүйцэтгэлийг актаар баталгаажуулж, зардлаа анхан шатны баримтаар нотолж байна.

Энэ нь нэмэлт ачаалал мөн. Гэхдээ шаардлагатай ачаалал гэж үзэж байна. Учир нь төрийн санхүүжилтийн итгэлийг барих цорын ганц зам нь баримтжуулалт юм.

Сурвалжлагч: Төгсгөлд нь юу хэлэх вэ?

Д.Номун-Эрдэнэ: Нэгдүгээрт, энэ шинэчлэл бол нэг намын, нэг байгууллагын асуудал биш. Бүх намд ижил боломж, ижил шаардлага үүссэн. Гэхдээ эхний жилүүдэд ойлголтын зөрүү, алдаа дутагдал гарж болох ч институтын хувьд бэхжүүлж, төлөвшүүлэхэд зөвхөн намууд бус мэргэжлийн байгууллага, холбоод, иргэдийн оролцоо ч чухал.

Бид өөрсдийн зүгээс энэ ажилд мэргэжлийн түвшинд хувь нэмэр оруулахыг зорьж байна.