Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
277
“Би үхэхээр чи үх” гэдэг шиг өөр сенсаци гарган ирэв үү

Өчигдөр Хууль зүйн сайд асан С.Амарсайхан ШШГЕГ-ын дарга нар болон бусад өндөр албан тушаалтнуудын талаар ноцтой мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрээр Г.Занданшатар Ерөнхий сайдын үед чөлөөлөгдөж байсан бол өнөөдөр ахин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Харин  С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа Ерөнхий сайд Н.Учрал ийнхүү тайлбарлажээ.  Тэрээр төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна гэжээ. Мөн тус асуудалтай холбогдуулан ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг чөлөөлжээ.

С.Амарсайхан мафийн сүлжээнд улс төрчид, хууль хүчний байгууллагын удирдлагууд, бизнесийнхэн,  татагдан орсон гэж мэдээлсэн. Энэ мэдэгдлийнх нь араас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй нь дээрх мэдэгдэл үнэн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Сайд асан С.Амарсайханы ноцтой мэдээллүүдээс нь ахин сануулбал,

-Тэрээр, ШШГЕГ-т хууль бус тагнуулын газар бий болсон байна.

-ШШГЕГ-ын дэд дарга Бямбажав ТЕГ-т мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Хяналт дүн шинжилгээний газрын дарга Б.Цогжаргал гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж заналхийлж, залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон. Мөн Б.Нямгомбо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэргээр АТГ-т шалгагдаж байгаа.

-Хоригдлуудыг хууль бусаар ашиглан хувийн байр, зуслангийн байшингаа бариулсан, төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй албан тушаалтанд 408 сая төгрөгийг хууль бусаар олгосон, албан хаагчдынхаа нэр дээр 10–20 сая төгрөг бичиж, гарын үсэг зуруулахдаа дүнг нь дарж байгаад 3–4 саяыг өгч, үлдсэнийг нь завшиж байсан өргөдөл гомдол баримтаар ирсэн. Мөн Зайсанд үнэгүй нэг байр, хөнгөлөлттэй нэг байр авсан байхад жирийн албан хаагчид орох оронгүй зүтгэж байна.

-Б.Булнай гэж удган Г.Занданшатарын арын өрөөнөөс салдаггүй. Улс төрийн зорилгодоо миний охиныг ашигласан

-Хадгаламж банк, талийгаач Батхүү, Алтан нарын эзэмшиж байсан, Монголбанкинд барьцаанд байсан их хэмжээний нөөцтэй орд газрын 8 ширхэг тусгай зөвшөөрөл буюу 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий лицензийг авлига, хээл хахуулийн замаар хууль бусаар шилжүүлсэн асуудал яригдсан гэх мэдээллийг хийсэн.

Энэ тухай өмнө нь С.Амарсайхан мэддэг байсан бол яагаад үг дугарсангүй вэ? нүд, чихээ дараад өнгөрдөг байсан уу.Эсвэл өөрийнх нь нэр элдэв хэрэгт хутгалдаад ирэхээр “би үхэхээр чи үх” гэдэг шиг өөр сенсаци гарган ирэв үү. Магадгүй шалгалтын явцад үнэн нь ил болох биз ээ.