
ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд: “Засгийн газрын танхимын нэгэн сайдын хамаарал бүхий компанид 53 тэрбум төгрөгийн өр төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа” гэж мэдээлсэн. Энэхүү компани нь шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий Монголын алт (МАК) ХХК юм.

Харин Монголын алт (МАК) ХХК Хууль зүйн дотоод яаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааны талаар гомдол гаргажээ.

Энэхүү гомдолдоо, Монголын алт (МАК) ХХК 2024 онд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулснаар албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, албадан гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна. Ингэхдээ төлбөр авагчид шилжүүлсэн 110 орчим тэрбум төгрөгийг тооцоогүйн улмаас Монголын алт (МАК) ХХК тэрхүү мөнгийг дахин төлсөн гэжээ.

Шадар сайд Н.Номтойбаяр: "ШШГЕГ өөрөө хууль давсан шийдвэр гаргаж, миний хамаарал бүхий компаний дансыг хаасан. Тэрнээс биш өртэй, тэр нь шүүхээр явж байгаа асуудал байхгүй. Өнгөрсөн долоо хоног А.Намсаманд гэж хүн өөрөө над руу залгаад байсан. Би аваагүй" гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрээр "А.Намсаманд намайг шоронд байхад ажилчдадаа "Номтойбаярыг оргосон гэдэг мэдүүлэг өг" гэж шаардаж байсан. Тэр хүмүүс үгэнд нь ороогүйн төлөө ажлаасаа халагдсан" гэлээ
