

Боловсролын сайд Л.Энх-амгалангаас маргаан дагуулаад буй Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуулийн талаар тодрууллаа. Тэрээр “Их засаг кинг” сургууль яамны судалгаанд орсон нь үнэн. Гэвч төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Уг сургууль өөрөө татгалзсан учраас хамтарч ажиллахгүй.
“Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд ямар хувийн сургууль, цэцэрлэгүүд улсаас мөнгө авч байгааг шүүж үзлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төсвөөс 1.3 тэрбум төгрөг авсан байна. Лу.Гантөмөрийн хамаарал бүхий “Глобал” сургууль бас төсвөөс мөнгө авсан.
Ямар нүүрээрээ хэвлэлд ярилцлага өгөөд явж байгаа юм бэ? Суулт хийж байгаа залуу төсвөөс нэг ч төгрөг аваагүй Ерөнхий сайдаас биш, намынхнаасаа хариуцлага шаард” гэлээ. Харин О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр нар тэр дор нь няцаасан хариулт өгөв.
АН-ын дарга О.Цогтгэрэл: “Л.Энх-Амгалан илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна.
МАН-ынхан намайг өөрсөд шигээ авлигач, хулгайч болгох гэж хичээж байх шиг байна. Амжихгүй шүү! Надад хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй.
2022 онд ТОП-100 ААН-ийн дэргэд улсын цэцэрлэг ажиллуулах хүсэлтийг гаргасан. Үүнээс өмнө ТЭСО групп үнэ төлбөргүй байр гаргаж, улсын цэцэрлэгийг ажиллуулж байсныг Л.Энх-амгалан сайд сайн жишиг гэж уулзалт бүхэн дээрээ дурдаж байсан. Сонгинохайрхан дүүрэгт 55-р цэцэрлэгийг байрлуулж байсан. Энэхүү цэцэрлэг татан буугдаж дараа нь улсын 322-р цэцэрлэгийг Хан-Уул дүүрэгт ажиллуулж байгаа. Гэхдээ улсын цэцэрлэг учраас данс тооцоог улсаас шийддэг.
ТЭСО группийн зүгээс улсын цэцэрлэгт 5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж өгсөн” гэв.
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: “Энх-Амгалаан, наад солиотой галзуу гүтгэлгээ зогсоогоорой. Хувийн сургуультай мэтээр миний нэртэй холбон мэдээлж байгаа нь үндэслэлгүй” гэж цахим хаягаараа дамжуулан мэдэгджээ.
Ийнхүү “Их засаг кинг” сургуулийн маргаан эцэстээ МАН болон АН хоорондын тэмцэл болж хувирлаа.
