

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 76 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин цэцэрлэгт 242 мянга гаруй хүүхэд хамрагдах юм.
Хүүхэд шинэ орчинд дасанд зохицоход эцэг эхчүүд юуг анхаарах ёстой талаар Хүүхдийн сэтгэл зүйч Ч.Сумъяатай ярилцлаа.
Анх удаа цэцэрлэгт орж байгаа хүүхдийг уйлуулаад орхих эцэг эхчүүдэд хэцүү байдаг. Тэр үед яг яах ёстой вэ?
-Мэдээж дөнгөж цэцэрлэгт орж байгаа 2 настнуудын хувьд айдас, тодорхойгүй байдлыг мэдэрдэг.
Цэцэрлэгт өгчхөөд зугтах эсвэл харагдахгүй нууцаар орхиж явах нь хамгийн буруу зүйл. Хаашаа явах гэж байгаагаа, хэзээ ирж авахаа заавал тайлбарлаж үлдээх хэрэгтэй.
Сургууль, цэцэрлэгт оруулахаасаа өмнө ямар газар очих гэж байгааг ойлгуулж, зураг бичлэгийг нь үзүүлэн дасгах хэрэгтэй. Хүүхдүүд бичлэгт дуртай шүү дээ.
Цэцэрлэгийн насны хүүхдүүд харилцаанд дуртай, нийгмийн идэвхтэй байдаг. Багшаа хайртай, дуулгавартай байлгахын тулд гэр бүлийн орчинд цэцэрлэг болон багшийнх нь талаар эерэг ойлголт өгч байх хэрэгтэй.
Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэхдээ гаргадаг түгээмэл алдаа юу вэ?
Нэгдүгээр ангийн сурагчдын гэрийн даалгаврын хэт ач холбогдол өгч хүлээж авах нь хүүхдэд сурах айдас өгдөг.
Аль болох хөнгөн, сонирхолтой байдлаар хийлгэх хэрэгтэй. Гэрийн даалгавар нь сурч хөгжих боломж гэдгийг ойлгуулж, хэт дарамт өгөхгүй байх нь чухал. Төгсөх гэж байгаа юм шиг даалгавраар шахах нь хүүхдийг залхааж орхидог.
Хуруу гарны хөгжлөөс эхлээд олон хүүхэд дунд ойлгохгүй өнгөрөх тохиолдлууд ч бий. Энэ нь хүүхэд муу сурна гэсэн үг биш.
Богино бичлэг үзэх нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлдөг үү?
-Зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудад ч нөлөөлдөг.Тэр дундаа хүүхдүүдэд бүр ч эрсдэлтэй.
Богино бичлэг үзэхэд дараагийн бичлэг рүү маш хурдан шилждэг учраас анхаарал төвлөрөх чадварт нөлөөлдөг.
Хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хязгаарлах үр дүнтэй арга юу вэ?
-Эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэх нь чухал. Гэр бүлээрээ байхдаа өөрсдөө утсаа оролдоод байвал хүүхдүүд даган дуурайна. Мөн хүүхэдтэйгээ ярилцахдаа шүүмжлэлгүйгээр өөрөө ярих боломжийг олгох хэрэгтэй. Энэ нь хүүхдэд хамгаалагдсан мэдрэмж төрүүлж, тусламж хэрэгтэй бол бид нар байгаа шүү гэдгийг ойлгуулдаг.
