Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын мөнгөн эдлэлийн хийц мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй, алдартай хийц юм.
Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён Сэврэй хийцээрээ гайхагдсан үе үеийн уран дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг нь билээ. Энэхүү халхад алдартай хийц нь өнөөг хүртэл үе дамжин уламжлагдан хадгалагдаж ирсэн юм. 1938 онд гарсан судалгаагаар Пагамын Мөнх, Чулууны Балжир, Чулууны Ёндон, Долгорын Данзан, Магсарын Гончиг, Моломын Бадарч нарыг уран дархан хүмүүсээр бүртгэжээ. Нүдэн хэмээх Рэнцэн, Мядагийн Данзан, Навааны Чимиддорж, Сономшааравын Сугир, Сономшаравын Эрдэнээ, Адьяагийн Цоож нар мөнгөн урлалын сайн дархачууд юм.
Ноён Сэврэйн хийц нь Монгол улсын зохиогчийн эрхийн хорооноос зохиогчийн эрхийн баталгааг Сономшааравын Эрдэнээ нь авсан давтагдашгүй бүтээл болно.
Монгол улсын хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдаг. Үүнээс Дарьганга хийц нь хөөмөл хээтэй ,нимгэн , орц багатай байдаг. Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг утас сувималын аргаар хийдэг. Гол онцлог нь зузаан орц арвинтай, эдэлгээ удаантай, дээр үеийн уламжлалт гар аргаар хийснээрээ улсад алдартай байдаг. Ноён Сэврэй хийцийн их гарын аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө ордог байна.
Монголчууд Хүннүгийн үeэc мөнгөн аяга хэрэглэж байсан түүхэн домог байдаг. Мөнгө нь аливаа өвчин үүсгэгч вирүсыг устгаж, ариутгах чанартай гэдгийг Монголчууд эртнээс мэдэж байжээ. Тиймээс эдүгээ хүртэл өргөн хэрэглээ болох аягаа мөнгөлөх болсон аж.
Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяганы дотор, ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийж бүдүүн мөнгөн утсаар давхарлан хаж тавьж битүү бад хээгээр чимэглэн урласан байдгаараа онцлогтой.
Мөн утас сувималын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтайгаас гадна дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэйд тооцогддог байна.