М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.09.17 18:16
764
Харааны бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцоход бусдаас хамааралтай хэвээр байна

Монгол улс 12 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэнтэй. Гэвч нийслэлийн хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ердөө 30 дуут гэрлэн дохио бий. Харааны бэрхшээлтэй иргэд гарцаар гарахдаа заавал бусдын тусламжийг авах шаардлага тулгарч байна. 

Иргэн Г.Ууганбаатар: "Хотын ихэнх гэрлэн дохио дуугүй. Тиймээс харааны бэрхшээлтэй хүн ямар гэрэл асч байгааг мэдэх боломжгүй гэсэн үг. Хэн нэгний тусламжгүйгээр гарцаар гарахад маш хүндрэлтэй. Дуут гэрлэн дохио байлаа ч хүнтэй мөргөлдөхөөс болгоомжлон удаан алхдаг учраас хугацаанд нь амжихгүй байх тохиолдол олон гардаг" гэлээ.

Нийслэлийн дуут гэрлэн дохионы талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.

Олон нийттэй харилцах ажилтан Л.Баярцэцэг: "Анх 2015 онд Хараагүйчүүдийн үндэсний төвийн хүсэлтээр дуут гэрлэн дохиог суурилуулж байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 30 байршилд дуут гэрлэн дохио ажиллаж байна. 2026 онд нэмэлтээр 72 байршилд дуут гэрлэн дохион байршуулахаар төлөвлөж байгаа. Харааны бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийн дагуу боломжит байршлуудыг судалж, дуут гэрлэн дохиог суурилуулдаг" гэв. 

Үүгээр зогсохгүй харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийг хүртээмжтэй ашиглах боломжгүй байна. Автобус ирж байгаа эсэх, аль чиглэлд явах зэргийг мэдэхийн тулд мөн л хэн нэгнээс асуух хэрэгтэй болдог. 

Иргэн Г.Ууганбаатар: Автобусны буудлын ард бичсэн чиглэлийн мэдээллийг брайл үсгээр эсвэл сонсох боломжтой аудио хэлбэртэй болговол зүгээр байна. Тэгэхгүй бол харааны бэрхшээлтэй хүн юу бичсэн байгааг мэдэж чаддаггүй. Хүмүүсээс асуухад хэлж өгөх ч хүн байна, хэлж өгөхгүй ч хүн байна. Автобус гаднаа чиглэлийн дугаараа зарладаг төхөөрөмжтэй бол өөрсдөө очоод суучихна шүү дээ.