Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
38 мин дараа
137
Зүрх судасны тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах үндэсний төвийн бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох зүрх судасны өвчлөлийн ачааллыг бууруулах, өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Зүрх судасны үндэсний төвийн бүтээн байгуулалт эхэллээ.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь лавлагаа шатлалын хамгийн өндөр түвшний тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж ирсэн бөгөөд зүрхний мэс засал, нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр олон жилийн эмнэлзүйн туршлага, мэргэшсэн хүний нөөцтэй. Энэхүү туршлага, суурь боломжид түшиглэн зүрх судасны тусламж үйлчилгээг илүү цогц, хүртээмжтэй болгох зорилгоор шинэ төвийг хөгжүүлж байна.

Зүрх судасны өвчлөл өндөр байгаа өнөөгийн нөхцөлд өвчнийг хүндэрсэн үед нь эмчлэхээс гадна эрсдэлийг эрт илрүүлэх, оношилгоог сайжруулах, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх, шаардлагатай тохиолдолд өндөр түвшний мэс засал, судас дотуурх эмчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь чухал юм. Шинэ төв нь энэ хэрэгцээнд нийцүүлэн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтээс эхлээд оношилгоо, эмчилгээ, мэс засал, сэргээн засах хүртэлх үйлчилгээг уялдуулан хөгжүүлэх юм. Мөн орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж мэргэшүүлэх, эмнэлзүйн сургалт, судалгааг өргөжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр зүрх судасны чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нутагшуулах нөхцөл сайжрах юм.

Үүний зэрэгцээ төвийн үйл ажиллагаа 21 аймгийн зүрх судасны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд чиглэнэ.

Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, алсын зайн анагаах ухааны боломжийг ашиглан оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх замаар шатлал хоорондын уялдааг сайжруулна. Ингэснээр орон нутгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг эрт авах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалд цаг алдалгүй хүрэх боломж нэмэгдэнэ.

Зүрх судасны үндэсний төвийн төсөл 53.3 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын зээл болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр санхүүжиж байна.

Ийнхүү эхэлж буй энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн эмнэлгийн дэд бүтцийг өргөжүүлэхээс гадна зүрх судасны өвчний эрт илрүүлэлт, нарийн оношилгоо, өндөр түвшний эмчилгээ, зүрхний мэс заслын тусламжийг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн тусламж үйлчилгээний уялдаа, хүний нөөц, эмнэлзүйн сургалт судалгааг бэхжүүлэх цогц хөрөнгө оруулалт болж байна. Цаашлаад энэ нь зүрх судасны өвчний хүндрэл, нас баралтын ачааллыг бууруулахад чиглэсэн тусламж үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд хүргэх суурь болох юм.