Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
1 цагийн дараа
189
Б.Батбаатар: COP17-гийн хурал дууссан, гэхдээ Монгол Улсын ногоон хөгжлийн шинэ үе шатны эхлэл болох ёстой

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө COP17-ийн талаар ярилцъя. Та Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхдаа COP17-ийн бэлтгэл ажлыг хариуцан ажилласан. Таны хувьд энэ хурлын гол ач холбогдлыг юу гэж харж байсан бэ?

-Баярлалаа. Миний хувьд COP17-г Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын зүгээр нэг том хурал гэж хэзээ ч харж байгаагүй.

Энэ хурлыг  Монгол Улс цөлжилт, газрын доройтол, бэлчээр, ус, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаа дэлхийн түвшинд гаргаж тавихын зэрэгцээ эдгээр асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологи, олон улсын түншлэлийг Монгол руу татах том боломж гэж харж байсан.

Нөгөө талаас COP17 бол зөвхөн Монголын асуудлыг ярих хурал биш. Дэлхийн олон улс орны өмнө тулгарч байгаа газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сорилтыг хэрхэн хамтдаа шийдвэрлэх талаар бодлого, шийдэл ярилцдаг дэлхийн хэмжээний томоохон платформ. Тиймээс бид энэ боломжийг ашиглаад өөрийн тулгамдсан асуудлаа дэлхийд таниулахаас гадна дэлхийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлого, шийдэлд өөрийн хувь нэмрийг оруулах ёстой гэж үзсэн.

Монгол орны хувьд газар нутгийн доройтол, усны нөөц, бэлчээрийн даац, цөлжилт гэдэг хийсвэр ойлголт биш. Энэ бүхэн малчны амьдрал, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хот суурин газрын усан хангамж, цаашлаад Монголын эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.

Тиймээс бид COP17-ийг зүгээр нэг ёслолын арга хэмжээ хэлбэртэй биш, Монголын ногоон хөгжлийн дараагийн шатны үйл ажиллагаа, бодит ажлын эхлэл болгохыг зорьж ажиллаж байсан.

-Тэгвэл бэлтгэл ажлын хүрээнд таны хамгийн их анхаарсан зүйл юу байв?

- Бидний хийсэн ажлуудыг чиглэл, зориулалтаар ангилвал: Нэгдүгээрт, зохион байгуулалтын талаар

Дэлхийн олон улс, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл Монголд ирэх учраас энэ нь зөвхөн нэг том арга хэмжээний зохион байгуулалт биш, Монгол Улсын нэр хүнд, бидний өөрсдийгөө дэлхийд хэрхэн харуулахтай холбоотой асуудал байсан.

Хоёрдугаарт, агуулгын тал дээр

Хурал сайхан зохион байгуулагдаад зочид ирээд буцаад явах нь хангалттай биш. Монгол Улс өөрийн дэвшүүлсэн санаачилга, төсөл, шийдэл, хөрөнгө оруулалтын саналтай байх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, бид асуудлаа тавихдаа дэлхий нийт болон ижил төстэй уур амьсгал, асуудалтай бүс нутгийн улсуудад хэрэгжих боломжтой санаачилга, санал гаргах төдийгүй шийдэх арга зам, хэрэгжүүлэх боломжтой төслүүдээ хамт авчрах хэрэгтэй гэж үзсэн.

Гуравдугаарт, гадаад харилцааны талаар

COP17-ийг угтаж олон улсын байгууллага, хөгжлийн банк, бусад улсын Засгийн газар, байгаль орчны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байсан.

Бид “Монголд ирээд бидэнд туслаач” гэж суух биш, Монгол өөрөө бэлтгэлтэй байж, тодорхой төсөлтэй, тодорхой саналтай, хамтран ажиллахад бэлэн байх ёстой гэсэн зарчмаар ажилласан.

-Та тухайн үед гадаадын ямар байгууллага, улс орнуудтай уулзаж ажилласан бэ?

-Олон улсын хамтын ажиллагааг нэлээд өргөн хүрээнд явуулсан.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Олон улсын байгаль хамгаалах холбоо, НҮБ-ын холбогдох байгууллагууд болон бусад хөгжлийн түншүүдтэй уулзаж, Монгол Улсын байгаль орчны салбарын төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан.

Мөн Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг оронд ажиллаж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан сайд, байгууллагуудтай уулзсан.

БНХАУ-д ажиллахдаа ногоон санхүүжилт, ус, ойн аж ахуй, нөхөн сэргээлт, нүүрстөрөгчийн зах зээл, цэвэр технологи зэрэг асуудлаар хамтын ажиллагааны боломжийг ярилцсан.

 Бид Монголын байгаль орчны асуудлыг Монгол Улс дангаараа төсөв, өөрийн хөрөнгө оруулалтаараа санхүүжүүлэн шийдэх боломжгүй гэдгээ ойлгох ёстой. Тиймээс эдгээр уулзалтууд нь бусад улсуудын болон олон улсын санхүүжилт, технологи, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг Монгол руу оруулах, гадаад түншүүдтэйгээ урт хугацаанд хамтран ажиллах боломжийг бий болгох зорилгод чиглэж байсан.

-Та тухайн үед COP17-оор дамжуулан 1–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтын талаар ярьж байсан. Яагаад ийм өндөр зорилт тавьсан юм бэ?

-Юуны өмнө COP гэдэг хурал бол өөрөө мөнгө авчирдаг арга хэмжээ биш юм.

Харин COP бол дэлхийн санхүүжилт, технологи, хөрөнгө оруулагч, Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөллийг нэг дор, нэг хугацаанд цуглуулдаг арга хэмжээ. Тиймээс Монгол Улс өөрийн хэрэгцээ, боломжоо зөв танилцуулж чадвал энэ платформоор дамжуулан урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологийн хамтын ажиллагааг татах боломжтой болно гэсэн үг.

Монгол Улс ус, бэлчээр, газрын нөхөн сэргээлт, ойжуулалт, сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай улс. Тиймээс бид амбицаа жижиг тавьж болохгүй гэж үзсэн.

Гэхдээ хамгийн чухал нь 1–1.5 тэрбум ам.доллар гэсэн тоог зарлахдаа биш. Тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг хүлээж авахад бэлэн, эдийн засгийн хувьд үндэслэлтэй, хэрэгжих боломжтой төслүүдийг бий болгох нь чухал.

Манайхан  “гадаадаас хөрөнгө оруулалт татна” гэж ярих дуртай. Гэтэл тухайн төсөл нь техник, эдийн засгийн үндэслэлгүй, газрын асуудал нь шийдэгдээгүй, эрх зүйн орчин, зохицуулалт  нь тодорхойгүй байдаг учраас хоосон яриа болон үлдэх нь их.

Тиймээс COP17-ийн бодит үр дүн хэдэн төлөөлөгч ирсэн, хэдэн хурал болсон гэхээс илүү хэдэн төсөл санхүүжилттэй болсон бэ, хэдэн га газар нөхөн сэргээгдэх боломжтой болов, хэдэн сум усны асуудлаа шийдэв, хэдэн шинэ ногоон ажлын байр бий болов гэдгээр хэмжигдэх ёстой.

- COP17-д Иргэний Зориг Ногоон нам ямар оролцоотой байв?

-Энэ удаагийн СОР буюу НҮБын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17-р бага хурал зөвхөн цөлжилтийн асуудал биш Риогийн 3 конвенцийн гол сэдвүүд болох Уур амьсгалын өөрчлөлт, Газрын доройтол, цөлжилт, Биологийн олон янз байдлыг хамгаалах гурван тулгуур зорилт, тэдгээрийн уялдаа холбоо, хамтын үйл ажиллагаагаа зохицуулах тухай хэлэлцсэн хурал болсон. Тийм учраас Иргэний Зориг Ногоон намын хувьд  бидний үзэл баримтлалтай шууд холбоотой асуудлуудыг ярилцсан хурал гэж ойлгож байгаа.

“Ногоон” гэдэг үг манай намын нэрэнд зүгээр нэг орсон үг биш. Байгаль хамгаалал бол улс орны эдийн засаг, техник технологийн  хөгжилтэй харшилдаг, эсрэг зүйл гэж бид үздэггүй. Харин ЗӨВ ХӨГЖИЛ гэдэг бол  байгаль орчин, экологийн тэнцвэрээ хадгалж,  хамгаалан, түүхийн эд, байгалийн баялагийн нөөцөө үр ашигтай ашиглаж хөгждөг, ирээдүй үеийнхээ боломжийг булаадаггүй, устгадаггүй НОГООН эдийн засгийг бий болгох зорилт, зорилгоо тунхаглан өгсөн нэр юм шүү дээ.

Иймд COP17 бол манай намын хувьд зөвхөн  оролцох ёстой арга хэмжээ биш, бидний олон жил ярьж ирсэн ногоон хөгжлийн үзэл санаа, бодлогын асуудлыг дэлхий нийтэд, Монголын ард түмэнд хүргэж таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж гэж харсан.

COP17-ийн үеэр манай намын гишүүд, дэмжигчид цэнхэр, ногоон бүсийн арга хэмжээнүүдэд оролцож, хэлэлцүүлэг, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.

Мөн бид энэ хурлыг зөвхөн дарга нар, төрийн байгууллагуудын ажилтнууд, мэргэжлийн хүмүүс, судлаачдын хүрээний явцуу хурал биш, иргэд, ялангуяа орон нутгийн иргэд, малчин, тариаланчдын өмнө бодитой тулгараад байгаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын  асуудлаа ойлгож, өөрсдөө оролцож санал бодлоо хэлдэг, ярилцдаг, хэлэлцдэг боломж болоосой гэж хүссэн.

Ногоон бодлого гэдэг ганцхан Байгаль орчны яамны ажил биш. Иргэн, аж ахуйн нэгж, улс төрийн нам, төрийн байгууллага гээд бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага шаардсан ажил.

-COP17 дууслаа. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Миний бодлоор хамгийн чухал асуулт энэ.

COP17 дууссан учраас ажил дууссан гэсэн үг биш. Харин ч одоо л бодит ажил эхлэх ёстой. Бид юу хийх ёстой вэ?

Нэгдүгээрт, COP17-ийн үеэр ярьсан, тохирсон, танилцуулсан бүх төсөл, санаачилгыг нэг бүрчлэн хариуцсан эзэнтэй болгож, хэрэгжүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй эхлүүлсэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, ярьсан тохирсон зүйлээ бодит санхүүжилт, бодит хамтын ажиллагаа болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, бэлчээр, ус, газрын доройтол, нөхөн сэргээлт, ой, ногоон дэд бүтцийн төслүүдийн санаагаа бодит хөрөнгө оруулалт хийж болох төслийн хэлбэрт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, санаачилга, төслүүд ярихаас гадна хэрэгжих боломжтой, санхүүжилт татахад бэлэн төслүүдийн сан бүрдүүлэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, COP17-ийн үр дүнгээр санаачлан эхлүүлсэн ажлын талаар иргэдэд тогтмол тайлагнадаг байх хэрэгтэй.

Жишээ нь:

“COP17-ийн хүрээнд ийм төсөл ярьсан. Одоо энэ төсөл ийм шатанд байна.”

“Ийм санхүүжилт авахаар болсон. Энэ аймаг, суманд хэрэгжинэ.”

гэсэн байдлаар ил тод мэдээлдэг байх хэрэгтэй.

Ингэснээр их хэмжээний зардал гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр  олон улсын том арга хэмжээ зохион байгуулчихаад үр дүн муутай баахан хоосон амлалт өгсөн, хурал дуусаад бүгдэд мартагдсан  зүйл болгохгүйн тулд ийм тайлагнал хариуцлагын  тогтолцоо үүсэх ёстой. Энэ хурлын хамгийн сайн үр дүн нь хурлын дараа 5–10 жилийн турш хэрэгжсэн бодит ажлууд Монголын эдийн засаг, байгаль орчин, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх явдал юм.

Тиймээс COP17-ийн дараах ажлыг би “дараагийн шатны ажил буюу бодит хэрэгжилт” гэж харж байна. Энэ хурал бол зорилго биш, харин тодорхой үр дүнд хүрэх нэг хэрэгсэл байсан гэдгийг мартаж болохгүй.

-Өөрөөр хэлбэл COP17-ийг та эхлэл гэж харж байна уу?

-Тийм. Бүр тодорхой хэлбэл, COP17-гийн хурал дууссан, гэхдээ Монгол Улсын ногоон хөгжлийн шинэ үе шатны эхлэл болох ёстой.

COP17-оор бид дэлхий нийтэд Монголын өмнө тулгамдаж байгаа цөлжилт, газрын доройтол, ус, бэлчээрийн асуудлаа хүргэж чадсан. Гэхдээ асуудлаа дэлхийд хэлж тавьсан нь өөрөө эцсийн үр дүн биш. Харин одоо тэр яриаг бодит ажил, бодит хөрөнгө оруулалт, бодит үр дүн болгох нь чухал.

Бид цөлжилттэй тэмцэж, усны нөөцөө хамгаалж, газрын доройтлоо бууруулах ёстой. Агаарын бохирдлыг шийдэж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, байгалийн баялгаа ашиглахдаа нөхөн сэргээлтийг бодитоор хийдэг болох ёстой.

Энэ бүхнийг зөвхөн төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй. Тиймээс хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалт, технологийг татах ёстой.

Ногоон хөгжил бол Монголын хувьд байгаль хамгааллын бодлого төдийгүй эдийн засгийн бодлого юм. Тиймээс COP17-ийг зөвхөн нэг удаагийн олон улсын хурал гэж биш, Монголын ногоон хөгжлийн урт хугацааны бодит өөрчлөлтийн эхлэл болгож чадвал хамгийн том үр дүн нь тэр байх болно.

-Ингээд яриагаа Иргэний Зориг Ногоон намын үзэл баримтлал руу шилжүүлье. “Иргэний зориг” гэдэг ойлголтыг та юу гэж тайлбарлах вэ?

-Иргэний зориг гэдэг бол хүн өөрийнхөө амьдрал, нийгмийнхээ өмнө хариуцлагатай байх тухай ойлголт гэж би боддог.

Шударга бус зүйл харсан бол дуугардаг байх. Төрөөс бүхнийг нэхэж суух биш, өөрөө хөдөлмөрлөж, бүтээж, боломжоо бий болгодог байх. Өөрийн эрхээ мэддэг мөртлөө бусдын эрхийг хүндэлдэг байх.

Улс орныхоо асуудлыг “хэн нэгэн шийдэх ёстой” гэж бусдад түлхэх биш, өөрөө оролцдог байх. Өөрөөр хэлбэл, эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг, хариуцлагаа ухамсарладаг идэвхтэй иргэн байх тухай ойлголт.

Тийм иргэд олон болсон цагт улс орон өөрчлөгдөнө, хөгжинө.

Манай намын нэрэнд байгаа “Иргэний зориг” гэдэг нэр энэ утгыг агуулдаг. Бидний хувьд төр бүхнийг шийддэг биш, эрх нь хамгаалагдсан, боломж нь нээлттэй, хариуцлагаа өөрөө үүрдэг иргэн нийгмийнхээ гол хөдөлгөгч хүч байх ёстой гэж үздэг.

-ИЗНН ямар үнэт зүйл дээр тогтдог нам бэ?

-Бидний үндсэн үнэт зүйл тодорхой.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмч, чөлөөт, хариуцлагатай иргэн.

 Байгаль орчин, эх дэлхий, нутаг усаа хайрлах, хамгаалах, баялгаа ухаалаг хямгатай ашигладаг монголчуудын уламжлалт хандлага.

Тогтвортой ногоон эдийн засаг, хөгжлийн үзэл баримтлал.

Эдгээр үнэт зүйл, үзэл баримтлал, бодлогын баримжааг тус тусад нь бус цогцоор нь  авч үзэж, тусгаж байж л Монгол улсын хөгжилд нэмэр болно. Бие биеэс нь салгаж болохгүй зүйл.

Хүний эрх ярьчихаад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Эдийн засгийн өсөлт ярьчихаад байгалиа сүйтгэж болохгүй. Байгаль хамгаална гээд хөгжлөөсөө ухарч иргэдийг ядууралд байлгаж болохгүй.

Бидний хувьд ногоон хөгжил гэдэг нь зөвхөн мод тарих, байгаль хамгаалах тухай ойлголт биш.

 Байгалийн нөөцөө үр ашигтай, хямгатай, зөв ашиглаж байж байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чадамж, боломжтой болно.

Иргэдэд Байгаль орчинтойгоо мэдлэгтэй, мэдээлэлтэй зөв харьцан ажиллаж, бизнес эрхэлж, амьдралаа дээшлүүлэх боломж олгодог эдийн засгийг тогтолцоог бий болгох ёстой.

Тиймээс хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, шударга ёс, байгаль орчны хамгаалал, тогтвортой эдийн засгийг хооронд нь сөргөлдүүлэхгүйгээр зөв тэнцвэрийг олох нь манай намын баримталдаг зарчим.

- Тэгвэл ИЗНН-ын эрхэм зорилгыг нэг өгүүлбэрээр хэлбэл?

- Монгол хүн өөрийн хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвар, шударга хөдөлмөрийнхөө үрээр эх орондоо сайхан амьдрах боломжтой нийгмийг бий болгох.

Өөрөөр хэлбэл, хүн бүрт боломж нь нээлттэй, эрх нь хамгаалагдсан, хөдөлмөрлөж бүтээсэн нь үр шимээ хүртдэг, байгаль орчин нь эрүүл, ирээдүйдээ итгэлтэй амьдрах Монголыг бий болгохыг бид хүсдэг.

-Монголын улс төрд ИЗНН ямар орон зайг эзлэх ёстой гэж Та үзэж байна?

-Монголын улс төрд бодитой шинэчлэл хэрэгтэй.

Хүмүүс улс төрөөс, хэрүүл талцал, популизмаас залхаж байна.

Бодит шийдэл, тодорхой бодлого, хариуцлагыг хүсэж байна.

ИЗННам парламентад суудалтай намын хувьд хэн нэгнийг муулах гутаах, эвэл аль нэг намын эсрэг улс төр хийх биш харин Монгол Улсын хөгжил, цэцэглэлт, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор улс төрийн хүчнүүдтэй бүтээлчээр хамтран ажиллах бодлого барьж байна.

Ардчиллыг хамгаална. Хүний эрх, эрх чөлөөг хамгаална. Бизнес эрхлэх, хөдөлмөрлөж бүтээх эрх чөлөөг хамгаална. Авлига, хүнд суртал, төрийн хэт данхар бүтцийн эсрэг байна.

Байгаль орчны асуудлыг эдийн засгийн бодлогын төвд авчирна. Учир нь байгаль орчны доройтол бол зөвхөн экологийн асуудал биш. Энэ нь ус, хүнс, эрүүл мэнд, мал аж ахуй, үйлдвэрлэл, ажлын байр, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал бодол, дуу хоолойг төрд хүргэх, шийдвэрт тусгуулах, шударга ёсыг тогтоох нь өнөөгийн нийгмийн шаардлага.

Төр иргэдийнхээ өмнөөс бүхнийг шийддэг биш, иргэд нь өөрсдөө шийдвэр гаргалтад оролцдог, эрхээ мэддэг, хариуцлагаа ухамсарладаг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Хүчтэй төрөөс илүү хүчирхэг иргэдтэй Монгол улс байх ёстой.

Шударга төртэй, чадварлаг, эрх чөлөөтэй иргэдтэй улс хөгжинө.

-Эцэст нь иргэддээ хандаж юу хэлэх вэ?

Монгол Улс манай үеийн өмч биш. Өмнөх үеэс өвлөж авсан, дараагийн үедээ бүрэн бүтнээр нь,  муутгалгүй дамжуулан өгөх үүрэгтэй эх орон маань.

Тиймээс бид өнөөдрийн шийдвэр бүрийнхээ үр дагаврыг дараагийн 20, 30, 50 жилд ямар болохыг тооцож байж гаргах хэрэгтэй. Өнөөдрийн шийдвэр зөвхөн өнөөдрийн амьдралд биш, хүүхдүүдийн маань ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодож шийддэг байх хэрэгтэй.

Байгалиа хамгаалах нь хөгжлөөс татгалзах тухай биш, харин илүү ухаалаг, хариуцлагатай, урт хугацааны хөгжлийг сонгох тухай юм.

Ардчилал гэдэг зөвхөн дөрвөн жилд нэг удаа санал өгөх төдий зүйл биш. Өдөр бүр эрхээ мэдэж, хариуцлагаа ухамсарлаж, нийгмийнхээ асуудалд оролцох тухай юм.

Шударга хөдөлмөрлөж сайхан амьдрах, хийж бүтээх боломжтой, эрх нь хамгаалагдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байгаа бол тэр нийгмийг бид өөрсдөө, хамтдаа бүтээх ёстой.

Сайн цагийг хэн нэгэн бидэнд авчирч өгөхгүй. Сайн цагийг бид өөрсдөө авчирна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.