m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
102
Оюутнууд цагийн ажил хийхэд тулгардаг асуудлууд

Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх нь оюутнуудын хувьд орлого олохын зэрэгцээ ажлын туршлага хуримтлуулах боломж байдаг. Гэвч хичээл, ажлын цагийг зохицуулах, мэргэжилтэйгээ холбоотой ажил олох, хөдөлмөрийн нөхцөлөө ойлгон ажиллах зэрэг асуудал тэдний өмнө тулгардаг.

Боловсролын яамнаас 2026 оны зургаадугаар сард дээд боловсролын 24 сургалтын байгууллагыг хамруулан хийсэн судалгаагаар сургуулиудын 58.3 хувь нь суралцагчдынхаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн тухай бүртгэдэг гэж хариулжээ. Харин 20.8 хувь нь бүртгэл хөтөлдөггүй, 16.7 хувь нь цахим систем хөгжүүлж байгаа бол 4.2 хувь нь цахим системээр бүртгэдэг байна. Мөн 2025-2026 оны хичээлийн жилд 2000 гаруй оюутан, суралцагчийг сургуультай нь ойр ажлын байранд зуучилсан талаар Боловсролын яам тайландаа дурдсан байна.

Хичээлтэйгээ ажлаа зохицуулах нь                                                                                    

Оюутнуудын хувьд цагийн ажил хийхэд тулгардаг гол асуудлын нэг нь ажлын цагийг хичээлийн хуваарьтайгаа зохицуулах. Хичээл, шалгалт, бие даалтын ажилтай зэрэгцэн тогтмол цагаар ажиллах нь ачааллыг нэмэгдүүлдэг.

Монгол улсад оюутны цагийн хөдөлмөрийг тусгай журмаар зохицуулдаг. Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор баталсан “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-д оюутны ажлын хугацаа нь сурч боловсрох нөхцлийг нь хязгаарлахгүй байх ёстой гэж заасан. Мөн ажил  олгогч оюутантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын цаг, хийх ажил, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг харилцан тохиролцохоор тусгажээ.

Тус журамд ажил олгогчид оюутныг сурч байгаа мэргэжлийн чиглэлээр нь нэн тэргүүнд ажиллуулах зарчим баримтлах, хийсэн ажлынх нь дагуу цалин хөлс олгох, ажилласан хугацааны бүртгэл хөтлөх үүргийг мөн тусгасан байна.

Гэсэн хэдий ч оюутнууд бодит байдал дээр хийж буй ажил нь мэргэжилтэй нь холбоогүй байдаг. Үйлчилгээ, худалдаа, хоолны газар зэрэг салбарын ажлууд уян хатан хуваарьтай байдаг учраас оюутнууд сонгон ажиллах нь түгээмэл. Харин мэргэжилтэйгээ холбоотой ажил хийх боломж нь тухайн салбар болон ажлын байрнаас шалтгаалан харилцан адилгүй байна.

Бусад оронд оюутнууд хэдэн цаг ажилладаг вэ?

Оюутны хичээл болон ажлын ачааллыг зохицуулах асуудлыг бусад улс орон тодорхой хэмжээгээр зохицуулдаг. OECD-ийн 2025 оны бодлогын судалгааг 2026 онд нийтэлсэн тайланд ихэнх улс оюутныг хичээлийн хажуугаар долоо хоногт 15-25 цаг ажиллахыг зөвшөөрдөг гэжээ.

Тухайлбал, Нидерландад долоо хоногт 16 цаг, Герман болон Их Британид 20 цаг, Канад 24 цаг, Шинэ Зеланд 25 цаг, Япон 28 цаг хүртэл ажиллах боломжтой байна. Харин Австралид долоо хоногоор бус хоёр долоо хоногт 48 цаг хүртэл ажиллах зохицуулалттай.

Монгол улсад үүнтэй адил “оюутан долоо хоногт заавал хэдэн цаг ажиллана” гэсэн нэг тогтсон тоо байхгүй. Харин оюутны цагийн үргэлжлэх хугацаа нь суралцах нөхцлийг нь хязгаарлахгүй байх гэсэн үндсэн шаардлагатай.

Хичээлийн хажуугаар цагийн ажил хийх нь оюутнуудад санхүүгийн сахилга бат, цагийн менежменттэй болоход тусалдаг. Олон улсын жишгийн дагуу тэдний цагийн ажлыг бодитой үнэлж, аюулгүй байдлыг хуулиар хамгаалж чадвал ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх боломжтой юм.

Б.Ариунжаргал