

Боливийн Юнгасын чийглэг үүлэн ойд эрдэмтэд урьд өмнө шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэгдээгүй зэрлэг муурны шинэ төрөл зүйл илрүүлжээ. Судлаачид уг амьтныг Leopardus tilcayo хэмээн нэрлэсэн байна.
Энэ зэрлэг муурын шинэ зүйлийг 100 гаруй жилийн дараа анх удаа албан ёсоор тодорхойлж буй тохиолдол гэдгээрээ онцлог юм. Шинээр тодорхойлогдсон муурыг нутгийн иргэд мэддэг байсан бөгөөд “Тилкаё” хэмээн нэрлэдэг байжээ. Харин эрдэмтэд генетикийн шинжилгээ хийснээр энэ амьтан өмнө нь мэдэгдэж байсан муурын зүйлүүдээс генетикийн хувьд ялгаатай болохыг тогтоосон байна.
Leopardus tilcayo нь ойролцоогоор 46 сантиметр урт, гурван фунт буюу 1.4 килограмм жинтэй бөгөөд гэрийн дундаж муурнаас ч жижиг биетэй. Үс нь цайвар хүрэн өнгөтэй, биеэрээ жигд бус хэлбэрийн толботой аж.

Судлаачдын мэдээлснээр уг амьтны зэрлэг байгаль дахь амьдралын хэв маяг, зан төлөвийн талаар одоогоор маш бага мэдээлэлтэй байна. Камерийн бичлэгүүдээс харахад шөнийн цагаар идэвхтэй байж болзошгүй бөгөөд баасны дээжээс нь мэрэгч амьтдын үлдэгдэл илэрсэн нь тэдгээрийг хоол хүнсэндээ хэрэглэдэг болохыг харуулж байна.
Шинэ зүйлийг судалсан эрдэмтдийн нэг, National Geographic-ийн судлаач Паола Ногалес-Аскаррунс болон түүний багийнхан Боливийн муурыг өмнө нь мэдэгдэж байсан төрлийн амьтантай адил гэж үзэж байсан ч генетикийн судалгааны үр дүн өөр дүгнэлтэд хүргэжээ.
Судлаачид “энэхүү нээлт нь дэлхий дээр шинжлэх ухаанд хараахан бүрэн танигдаагүй амьтдын төрөл зүйл олон болохыг харуулж байна” гэж үзэж байна.
Гэвч шинэ зүйл илэрсэн Юнгасын уулын ой мод устгал, газар тариалангийн тэлэлт, уул уурхайн үйл ажиллагаа болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй түймэр зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан дарамтад орж байгаа аж.
Эрдэмтдийн үзэж буйгаар шинэ зүйл илэрсэн нь зөвхөн амьтны аймгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна тэдгээрийн амьдрах орчинг хамгаалах шаардлагатайг дахин харуулж байна. Учир нь зарим амьтан шинжлэх ухаанд танигдахаасаа өмнө устах эрсдэлтэй байдаг.
Эх сурвалж: Reuters
Б.Ариунжаргал
