М.Нансалмаа
Сэтгүүлч
Уран зохиол
1 цагийн дараа
153
Намар, ном хоёр шиг сайхан юм хаа байх вэ /Номын баярын тэмдэглэл/

Навчис түрүүчээсээ шарлан намар өнгөө засаад эхэлжээ. Хичээл сургууль, хадлан тариа, ургац хураалт гэж хот хөдөөгүй бужигнадаг хэр нь хэн бүхний сэтгэл тэнэгэр байдаг тийм л налгар улирал билээ.

Төв талбайд өнгө өнгийн асрууд сүндэрлэж, шинэхэн номын үнэр салхины үзүүрт сэнхийнэ. Номын баярыг жилдээ хоёр удаа тэмдэглэж, хүний хөл татрахгүй байгаа нь бид номонд хэчнээн хайртай ард түмэн болохыг нотлох биз ээ. 40 дэх удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Монгол ёсоо дагаж, хоймрын асруудаар голцуу ахмад зохиолчид тухалсан харагдана. Мэргэд эрдмээр ханахгүй хойно энэ насаа унших, бичихэд зориулсан буурлууд эдүгээ ч ном эргүүлж сууна.

Номын хорхойтнууд оюуны цангаагаа тайлж, сэтгэлийн жаргал эдэлдэг баяр шиг баяр гэлтэй. Залуус хэд хэдэн ном сугачилж, тэгсэн ч сэтгэл нь ханахгүй дахин нэгийг гарчиглаж зогсоно. Зарим нь харьж тэсэлгүй авсан номоо замдаа уншиж байгаа үзэгдэнэ. Пянз, CD зардаг лангууг ч мөн залуус зайгүй бүчжээ. Ирээдүй рүү тэмүүлэх залуу үе өнгөрснийг ч бас хайрласаар одоо цагийг үргэлжлүүлж явна.

Дөрвөн цагийн хэлхээг даган урсаж яваа биднийг намар хэсэгхэн саатуулж, тайвшруулдаг ажээ. Дэлгэц шагайн төгсгөлгүй хүрдэнд төөрч явахад ном бидний нүдийг нээдэг ажээ. Намар, ном хоёр шиг сайхан юм хаа байх вэ?