m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
1 цагийн дараа
187
Франц улс ухаалаг нүдний шилний хэрэглээнд тавих хяналт шалгалтаа нэмэгдүүлж байна

Дэлхий даяар ухаалаг нүдний шилний нийгэмд үзүүлэх нөлөөллийн асуудал хөндөгдөж буй энэ үед Парисын прокурорын газар уг төхөөрөмжтэй холбоотой бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол Францын мэдээлэл хамгаалах байгууллагад аж ахуйн нэгжүүдээс гомдол иржээ.

Зах зээл дээр хэд хэдэн төрлийн ухаалаг нүдний шил худалдаалагдаж байгаа хэдий ч АНУ-ын технологийн аварга компани болох Meta (META.O)-гийн EssilorLuxottica (ESLX.PA)-тай хамтран үйлдвэрлэсэн нүдний шил нь дэлхийн зах зээлийн 76 орчим хувийг эзэлж, тэргүүлэгч байр суурийг эзэлж байна. Reuters-ийн мэдээлснээр эдгээр төхөөрөмж өнгөрсөн онд дэлхий даяар ойролцоогоор 7 сая ширхэг борлуулсан бөгөөд 2026 онд борлуулалт нь эрчимтэй өсөж байна. Гэвч төхөөрөмжийн хүрээнд суурилуулсан жижиг камер нь хэрэглэгчид бусдад анзаарагдахүйгээр зураг дүрс бичлэг хийх боломжтой болгодог нь privacy буюу хувийн нууцтай холбоотой асуудлыг үүсгэж байна.

Францын мэдэээлэл хамгаалах байгууллага CNIL ухаалаг нүдний шилтэй холбоотой ажлын байрны 10 хүрэхгүй гомдол хүлээн авсан бөгөөд зарим байгууллага ажил дээрээ уг төхөөрөмжийг хориглох боломжтой эсэх талаар зөвлөгөө авч эхэлжээ.

Ухаалаг нүдний шилний хүрээнд бичлэг хийж байгааг мэдээлэх зориулалттай жижиг гэрэл байдаг. Гэвч хүний эрхийн байгууллагууд үүнийг хангалттай хамгаалалт биш гэж үзэж байна. Учир нь гэрэл асаж байгааг харсан ч тухайн хүн өөрийг нь бичлэг хийхийг зөвшөөрсөн гэсэн үг биш юм.

Ухаалаг нүдний шил ашиглан үйлдэгдэх хүчирхийлэл дарамт шахалтад эмэгтэйчүүд голчлон өртдөг гэж хүний эрхийн бүлгүүд мэдээлж байна. Феминист үзэл баримтлалтай “Hubertine Auclert” байгууллагад технологиор дамжин жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг төслүүдийг хариуцан ажилладаг Инес Жирард хэлэхдээ “технологийн салбар хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү их ажил хийх ёстой” гэжээ.

Францын эрх баригчдын анхаарал зөвхөн тус улсаар хязгаарлагдахгүй байна. Их Британи, Герман зэрэг оронд мөн ухаалаг нүдний шилтэй холбоотой зохицуулалт, хууль эрх зүйн арга хэмжээ яригдаж эхэлжээ. Австралийн засгийн газар ч камер бүхий ухаалаг нүдний шилийг төрийн байгууллагын ажлын байранд ашиглахыг хориглох боломжийг судалж байна. Meta компанийн зүгээс ухаалаг нүдний шилнийхээ нууцлалын хамгаалалтыг анхнаас нь бүтээгдэхүүнд тусгасан бөгөөд төхөөрөмжийн боломж нэмэгдэхийн хэрээр хамгаалалтаа сайжруулсаар байх болно хэмээн мэдэгджээ.

                                                                                                    Эх сурвалж: Reuters

Б.Ариунжаргал