

Бөөс хүнээс хүнд ямар замаар дамдаг вэ. Бөөсний халдвар жилийн аль үед хамгийн их тархалттай байдаг вэ?
Бөөсний халдварын дийлэнх хувийг цэцэрлэгийн насны хүүхдүүд болон хүүхдээсээ халдвар авсан эцэг, эхчүүд эзэлдэг. Тархалтын идэвхтэй үе нь зургаадугаар сарын сүүлээс аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Энэ үед хүмүүсийн хөдөлгөөн, бөөгнөрөл нэмэгддэгтэй холбоотойгоор халдвар дамжих эрсдэл нэмэгддэг. Харин арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл халдварын тохиолдол харьцангуй багасдаг. Энэ нь бөөс устаж байгаа гэсэн үг биш. Харин хүмүүсийн хөдөлгөөн, бөөгнөрөл багассанаар халдвар дамжих нь буурдаг.
Бөөс нь хүнээс хүнд болон ахуйн замаар дамждаг шимэгч юм. Өмнө нь бөөстөхийг бохир, заваан орчинтой холбон ойлгодог байсан. Өнөө үед хүний нягтаршил, суурьшил, ойрын хавьтал нэмэгдэх тусам халдвар дамжих боломж нэмэгдэж байна. Нэг удаа бөөсний халдвар авч цэвэрлүүлсэн ч дахин бөөстэй хүнтэй ойртох, бөөстэй орчинд байх тохиолдолд дахин халдвар авах боломжтой.
Бөөсний шампунь болон мэргэжлийн цэвэрлэгээний ялгаа
Бөөсний эсрэг шампунь, сам, цацлага зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Салоны цэвэрлэгээний гол ялгаа нь бөөс, хуурсыг нэг бүрчлэн түүж авахад оршдог. Бөөсний эсрэг шампунь хэрэглэсний дараа бөөсний хөдөлгөөнийг саармагжуулж, самнаж цэвэрлэдэг. Гэхдээ үүний дараа хуурс үлдвэл дахин бөөс үүсэх эрсдэлтэй. Тиймээс хуурсыг сайтар шалгаж, үлдсэн тохиолдолд механик аргаар цэвэрлэх шаардлагатай. Ялангуяа бага насны хүүхдэд гэрийн нөхцөлд цэвэрлэхдээ зөв заавар, зөвлөгөө авч хийх нь чухал.
Бөөстсөн хүүхэд халдвараа нуух тохиолдол байдаг уу?
Манай салон хотын төвд байрладаг учраас үйлчлүүлэгчдийн дийлэнх нь төвийн орон сууцанд амьдардаг хүмүүс байдаг. Ойролцоогоор 80 хувь нь байрны, 20 хувь нь гэр хорооллын иргэд байна. Гэтэл хүмүүсийн дунд “байранд амьдардаг, хувийн сургуульд сурдаг бол бөөстөх ёсгүй” гэсэн буруу ойлголт байдаг. Бөөсний халдвар нь хаана амьдарч байгаагаас, ямар сургуульд сурч байгаагаас хамаарахгүй. Хэн ч бөөстөх эрсдэлтэй. Зарим хүн эхэндээ бөөстсөнөө нууж, нүүр царайгаа хүртэл нуух тохиолдол гардаг.
Цэцэрлэг, сургууль дээр хэсэг хүүхдийг шалгаж, цэвэрлээд явуулсан ч цаана нь шалгуулаагүй, цэвэрлээгүй хүүхэд үлдвэл халдвар дахин дамжих эрсдэлтэй. Тиймээс зөвхөн нэг хэсэг хүнийг цэвэрлэх бус, нийтээрээ бөөс, хуурсыг хэрхэн таних, хэрхэн цэвэрлэх талаар мэдлэгтэй болох хэрэгтэй.
Хүмүүсийн бөөсний талаарх ойлголт ямар түвшинд байна вэ. Эцэг эхчүүд баас илэрсэн үед хамгийн түгээмэл ямар алдаа гаргаж байна вэ?
“Бөөс бол бохир заваан хүнийх” гэсэн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Бөөс, хуурсыг бохир заваантай холбон ойлгож, хүмүүс халдвараа нуух нь бий. Үүнээс болж зарим хүн асуудлыг хүндэртэл нь явуулж байгаад ирдэг. Бөөсийг нийгмийг айлгах зүйл мэтээр ойлгох хэрэггүй. Хэн ч бөөстөх эрсдэлтэй. Энэ бол тухайн хүнээс өөрөөс нь бий болсон зүйл биш, хүнээс хүнд дамждаг халдвар юм. Нэг хүүхэд бөөстсөнөөр зөвхөн тэр хүүхэд бус, түүний ойр байгаа бусад хүүхдүүд ч халдвар авах эрсдэлтэй. Тиймээс бөөстсөнөө нуух биш, эрт илрүүлж, зөв цэвэрлэн, бусдад халдвар тараахаас сэргийлэх нь чухал гэдгийг хэллээ.
Бөөс бол бохир заваанаас үүдэн гарч байгаа асуудал биш. Нийгэмд халдвар дамжих зам эрсдлүүд байгаа учраас халдварын тоо буурахгүй дахин бөөстөж байна. Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь бөөстсөнөө нууж халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлэх юм. Мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхгүйгээр гэрийн нөхцөлд өөрсдөө арилгах арга хэмжээ авах нь ихэнх тохиолдолд халдварын эрсдэл, даамжрах байдлыг ихэсгэж байгаа учир бөөсний талаар ойлголтоо нэмэгдүүлж тохирох зөв арга хэмжээг авах хэрэгтэй байна.
