

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас хурлын ирц болон хэлэлцэх асуудлын талаар тодрууллаа
Өнөөдрийн хуралдаанд 43 гишүүн оролцож, 2027 оны төсвийн хүрээ болон 2028, 2029 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Энэ үеэр Оюутолгойн ногдол ашгийн талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. Хөрөнгө оруулагч талтай уулзаж, менежментийн төлбөр болон зээлийн хүүг бууруулсан бөгөөд өмнө нь долоон жилийн хугацаатай яригдаж байсан зээлийн хүүгийн нөхцөлийг гурван жил болгон бууруулсан.
Түүний хэлснээр Монгол Улс 2027 онд Оюутолгойгоос ойролцоогоор 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх төсөөлөлтэй байна. Үүнээс 1 их наяд төгрөгийг Баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн 2 их наядыг бүтээн байгуулалтад зарцуулах саналтай байгаа аж. Засгийн газраас 2 их наяд төгрөгийг эрчим хүчний салбарт чиглүүлж, тухайлбал зургаадугаар цахилгаан станц болон 10 аймагт байгаа дулааны станцуудын асуудлыг шийдвэрлэх санал гаргасан байна.
Харин уг хөрөнгийг эрчим хүчний салбарт бүрэн чиглүүлэх эсэх, эсвэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд зарцуулах эсэхийг судалгаа, тооцоонд үндэслэн шийдэх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн өнөөдрийн чуулганы ирцийг бүрдүүлэхээр орон нутагт ажиллаж буй 7-8 гишүүнийг дуудаж ирүүлсэн бөгөөд гадаадад томилолттой байсан гишүүдийг мөн эргүүлэн ирүүлж байгаа гэдгийг хэллээ. Хэрэв гишүүд мэдэгдэж, сануулсаар байхад хуралдаандаа оролцохгүй бол намын дүрэм, журмын дагуу асуудлыг үе шаттай авч үзнэ гэдгийг хэллээ. Тодорхой санал, байр суурь илэрхийлж буй гишүүдтэй уулзаж, асуудлыг ярилцахаар төлөвлөж байна гэж хэллээ.
