

Сүүлийн үед нэр бүхий урлаг, соёлын хүмүүс болон улс төрчдийг ДОХ-ийн халдвартай гэх баталгаагүй мэдээлэл цахим орчинд тархах болсон. Үүнийг дагаад “ХДХВ-ийн халдвартай хүн бусдад халдвар тараах эрсдэлтэй юу?”, “Халдвартай хүн нийгэмд аюултай юу?” гэх ойлголт иргэдийн дунд бий болж байна. ХДХВ ба ДОХ хоёр ижил зүйл биш ХДХВ нь хүний дархлааны тогтолцоог гэмтээдэг вирус. Харин ДОХ буюу дархлалын олдмол хомсдолын хам шинж нь ХДХВ-ийн халдвар хүндэрч, дархлаа их хэмжээгээр суларсан үед үүсч болох хүнд шат юм. Тиймээс ХДХВ-ийн халдвартай хүн бүр ДОХ-ын шатанд ордоггүй. Харин халдварыг эрт илрүүлж, эмчилгээг тогтмол хийлгэх нь өвчнийг хянахад чухал ач холбогдолтой.
ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал, халдвартай цус болон цусан бүтээгдэхүүн, бохирдсон зүү тариур, мөн халдвартай эхээс хүүхдэд дамжих боломжтой. Харин гар барих, тэврэх, хамт хооллох, нэг аяга таваг хэрэглэх, нэг орчинд ажиллах зэргээр ХДХВ халдварлахгүй. Монголд ХДХВ-ийн халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 388 халдвартай хүн бүртгэгдсэн бөгөөд тухайн онд 19 шинэ тохиолдол, 51 нас баралт бүртгэгджээ. Эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаанд 2025 оны жилийн эцсийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 427 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 39 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн 427-аас 51 тохиолдол нь нас баржээ.
Харин 2026 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 3793 тохиолдол бүртгэгдсэн ба үүний 44.1 хувийг тэмбүү, 33.2 хувийг заг хүйтэн, 22.4 хувийг трихомониаз, 0.3 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.
Халдвар авсан эсэхээ мэдэхгүй хүн эмнэлгийн хяналтад орохгүй байх нь халдвар цааш дамжих эрсдэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог. Харин оношоо мэдэж, эмчилгээнд тогтмол хамрагдах нь халдварыг хянах үндсэн арга юм. Тиймээс ХДХВ-ийн халдвартай хүнийг нийгмээс тусгаарлах бус, эрт илрүүлэлт, эмчилгээ, зөвлөгөө, тандалтыг сайжруулах нь халдварын тархалтыг бууруулахад чухал.

ХӨСҮТ-ийн эмнэлгээс гаргасан мэдэгдэлд 2026 онд одоогийн байдлаар ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон банйа. Нийт 451 тохиолдлын 73 нас барсан, гадны улсад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол хамрагддаг 322 хүн байгаа гэдэг мэдээллийг өглөө. Мөн хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн мэдээллийг өндөр түвшинд хамгаалагдсан байдаг тул цахим орчинд үндэслэлгүй мэдээлэл тарж, хүний нэр төрд санаатайгаар халдаж буйг мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайдын хэлснээр манай улсад 400 гаруй ДОХ-той хүмүүс байгаа. Улсын зүгээс эдгээр хүмүүст эмийг нь үнэгүй олгодог. ямар хүн ДОХ-той зэрэг мэдээллийг өөр бусад хүмүүс мэдэх боломжгүй гэдгийг хэллээ.
