

Өнгөрсөн өвөл нэгдүгээр сарын ид хүйтний үеэр цахилгаан хязгаарлалт хийж байв. Тэгвэл салбарын сайд энэ өвөл ч мөн цахилгаан тасрахгүй гэж итгэлтэй хэлж чадахгүй хэвээр байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: “Нийслэлийн дулааны хэрэгцээ хүчин чадлаасаа 50 хувиар давсан. Эрсдэл байгаа ч гэсэн доголдол гаргахгүйн төлөө ажиллаж байна. Инженер, техникийн ажилтнууд өдөр шөнөгүй засвар үйлчилгээг хийж байгаа” гэв.
Монгол улс эрчим хүчнийхээ 22 хувийг гаднаас импортолдог. Салбарын сайд энэ өвөл тог тасрах эсэхийг ч хэлж мэдэхгүй хэр нь эрчим хүчийг гадагшаа экспортолдог болох холын мөрөөдөл тээсээр байгаа аж.
Тэрээр “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Өнөө болон ирэх жилүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарсаар байх уу, эсвэл зорилгоо том тавьж, байгалийн асар их нөөцөө ашиглан бүс нутгийн хэмжээний тоглогч болж, эрчим хүч экспортлох уу гэдэг сонголтын өмнө бид ирээд байна. Зөвхөн дотоодын асуудлаа, хэрэглээ, үйлдвэрлэлийн зөрүү улам нэмэгдэж байгааг ярьсаар байвал эрчим хүчний салбар асуудлаас гарахгүй” гэжээ.
Гэвч салбарын инженерүүд энэ өвөл өнгөрсөн жилээс их эрчим хүч дутагдах тооцоололтой байгааг хэлж байна.
Турбины инженер Э.Балдандорж: Миний мэдэхээр өнгөрсөн жил 80 орчим мв-ын хязгаарлалт хийсэн. Энэ жил сайдын хэлснээр 150 мв дутагдалтай. Тэгэхээр өнгөрсөн өвлөөс илүү хязгаарлалт хийнэ гэсэн үг. Гэхдээ оргил ачааллын үеэр тодорхой бүсүүдэд л хязгаарлана. 150 мв дутагдалтай гэж байгаа боловч ид ачааллын үеэр ОХУ-аас 300 мв авдаг. Тэгэхээр бидэнд 450 мв хэрэгтэй гэсэн үг.
Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байж өөр улсад эрчим хүч нийлүүлнэ гэж ярих нь хөнжлөө давж хөлөө жийсэн хэрэг гэлтэй. Ямартай ч өвөл тог тасрахгүй гэж Б.Найдалаа сайддаа найдахаас өөр яах билээ.
