А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
81
Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо Эрдэс Премикс” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.

Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүсийг түшиглэн хөгжиж буй “Мимо” агро парк нь газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Тус үйлдвэрийн онцлог нь улаанбуудай, эрдэнэ шиш, арвай, овьёос, буурцаг зэрэг дотоодын түүхий эдийг ашиглан малын тэжээлийг эрдэс, шим тэжээлээр баяжуулж, зориулалтаас нь хамаарсан тусгай найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт оршино. Үйлдвэр өмнө нь өдөрт 5 тонн тэжээл үйлдвэрлэдэг байсан бол шинэ автомат үйлдвэрлэлийн шугам ашиглалтад орсноор хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлж, өдөрт 50 тонн тэжээл үйлдвэрлэх боломжтой болсон байна.

Үйлдвэрийн бүтээгдэхүүн нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн төл малын тэжээл, саалийн болон махны үхэр, гахай, тахианд зориулсан эрдэс премикс зэрэг төрөлжсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. “Мимо” брэндийн үйлдвэрлэл нь зөвхөн малын тэжээлийн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү өргөн ач холбогдолтой. Учир нь малын тэжээллэг чанар, эрдэс бодисын хангамжийг сайжруулах нь малын өсөлт хөгжил, ашиг шимд нөлөөлж, улмаар мах, сүү болон бусад малын гаралтай хүнсний түүхий эдийн үйлдвэрлэлийн тогтвортой байдалтай шууд холбогдоно.

Өөрөөр хэлбэл, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой нийлүүлэлт зөвхөн боловсруулах үйлдвэрээс бус, түүхий эдийн эх үүсвэр болсон мал аж ахуйн үйлдвэрлэлээс эхэлдэг. Энэ утгаараа дотооддоо чанартай тэжээл үйлдвэрлэх нь малын бүтээмжийг нэмэгдүүлэх, фермерийн аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг оновчлох, улмаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн баазыг бэхжүүлэх нэг хэсэг болж байна.