Нийгэм
2026.09.23 10:45
406
Шаардлага хангаагүй натрийн гидрокарбонат: IVCO хэдийг үйлдвэрлэсэн бэ?

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын байгууллагын лабораторийн шинжилгээгээр IVCO ХХК-ийн үйлдвэрлэсэн, өвчтөнд судсаар шууд хэрэглэдэг “Натрийн гидрокарбонат 4%-100 мл” тарилгын уусмалын 2606257 дугаар цуврал чанарын шаардлага хангаагүй нь тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор тухайн бүтээгдэхүүнийг 2026 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс есдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эргүүлэн татах арга хэмжээ авчээ. Одоогоор бүтээгдэхүүнийг хоёр эмнэлгээс буцаан татсан байна.

Манай сайтын сурвалжлах баг IVCO тарилгын эмийн үйлдвэрт очиж, бүтээгдэхүүнийг эргүүлэн татсан нөхцөл байдал болон чанарын асуудлыг тодруулахад IVCO тарилгын эмийн үйлдвэрийн чанарын албаны дарга агентлагаас албан бичгээр мэдэгдэл ирүүлээгүй, зөвхөн амаар мэдээлэл өгсөн тул эмнэлгүүдээс бүтээгдэхүүнийг буцаан татсан гэж тайлбарлалаа. Ингэснээр шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг нийт хэдий хэмжээтэй үйлдвэрлэсэн, хэдийг нь эмнэлгүүдэд нийлүүлсэн, хэдийг нь буцаан татсан, тухайн уусмалыг өвчтөнд хэрэглэсэн эсэх зэрэг асуулт үлдэж байна.

Энэ талаар ЭЭХХЗБ-ын мэргэжилтэн н.Ганчимэгээс тодруулахад, “Натрийн гидрокарбонат 4%-100 мл” тарилгын уусмалын pH буюу уусмалын орчин лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна. Лабораторийн шинжилгээгээр эмийн тоон агууламж, тогтвортой байдал, дүүргэлт, жингийн хэлбэлзэл, уусалт зэрэг үзүүлэлт шаардлага хангаагүй тохиолдолд эрсдэлийн хоёрдугаар ангилалд хамааруулдаг. Харин одоогоор уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн үйлчлүүлэгчид сөрөг нөлөө, хүндрэл гарсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй гэдгийг мэргэжилтэн хэллээ.

IVCO ХХК-ийн үйлдвэрлэсэн уг натрийн гидрокарбонатын тарилгын уусмал 2026 оны зургаадугаар сарын 25-нд үйлдвэрлэгдсэн бөгөөд хадгалах хугацаа нь гурван сар, өөрөөр хэлбэл 2026 оны есдүгээр сарын 26-нд дуусах байжээ. Гэвч хадгалах хугацаа дуусахаас 12 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 14-нөөс эхлэн эргүүлэн татах ажиллагааг эхлүүлсэн байна.

ЭЭХХЗБ-ын мэдээлснээр зах зээлд нийлүүлэгдсэн тухайн цувралын бүх бүтээгдэхүүнийг эргүүлэн татах ажлыг хийсэн. Хуулиар үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан эмийг зах зээлд нийлүүлэх үүрэгтэй. Харин ЭЭХХЗБ-ын зүгээс үйлдвэрлэгч, импортлогч байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зах зээл дээрээс хөндлөнгийн хяналтын дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулдаг байна. Энэ удаагийн шинжилгээгээр pH-ийн үзүүлэлт шаардлага хангаагүй нь тогтоогдсон бөгөөд одоогоор биологийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Тэгвэл өвчтөнд судсаар шууд хэрэглэдэг уг тарилгын уусмалын шаардлага хангаагүй цуврал хэдий хэмжээтэй үйлдвэрлэгдэж, хэд нь эмнэлгүүдэд хүрсэн бэ. Хэдийг нь буцаан татсан бэ. Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг өвчтөнд хэрэглэсэн тохиолдол байгаа юу. Хэрэв хэрэглэсэн бол хүний эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл, хүндрэл үүсэх боломжтой юу?

Эдгээр асуултад хариу өгөх хяналт шалгалтын болон биологийн шинжилгээний дүн одоогоор гараагүй байна. Харин ЭЭХХЗБ-ын зүгээс цаашид аль ч үйлдвэрлэгчийн эм, эмнэлгийн бүтээгдэхүүнээс санамсаргүй түүврийн аргаар дээж авч, лабораторийн шинжилгээнд тогтмол хамруулна гэдгийг мэдээллээ.