А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2026.09.23 11:48
132
Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр эх орны дотоодын гурил үйлдвэрлэл, хүнсний салбарт томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” ХХК-д ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн хүчин чадал болон цаашдын хөгжлийн зорилттой танилцлаа.

“Улаанбаатар гурил” ХХК нь дэлхийн түвшний дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, чанартай түүхий эдийн сонголт, технологийн нарийн боловсруулалт, үйлдвэрлэлийн олон шатны чанарын хяналтад тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр хоногт 300 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай бол “Улаанбаатар гурил” ХХК-ийн “МонБийф” мах боловсруулах үйлдвэр хоногт 40 бод мал хүлээн авч, боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

“Улаанбаатар гурил” брэнд нь дээд, 1-р, 2-р гурил, хүнсний хивэгтэй гурил, бүхэл үрийн гурил, овьёостой гурил, баяжуулсан гурил гэсэн долоон төрлийн үндсэн бүтээгдэхүүнийг 22 төрлийн савлагаатайгаар дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн малын тэжээлийн хивгийг 25 килограммын шуудайн савлагаатайгаар дотоодын болон экспортын зах зээлд нийлүүлж байна.

Харин “МонБийф” брэнд нь үхрийн махыг төрөл, зүсэлт, хэмжээнээс нь хамааруулан 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үхрийн стэйк болон ангилсан махыг 300–800 граммын Skinpack савлагаа, 1–7 килограммын вакум уутан савлагаа болон их хэмжээгээр худалдан авах хэрэглэгчдэд зориулсан савлагаагаар зах зээлд нийлүүлдэг байна.

Үйлдвэрлэлийн чанар, хүнсний аюулгүй байдлыг олон улсын түвшинд хангахын тулд “Улаанбаатар гурил” ХХК нь HACCP, ISO 9001:2015, FSSC 22000 зэрэг стандарт, тогтолцоог хэрэгжүүлж байгаа бөгөөд FSSC 22000 стандартын олон улсын аудит, баталгаажуулалтын шалгалтад гурван жил дараалан амжилттай тэнцжээ. Үүний зэрэгцээ судалгаа, хөгжүүлэлтэд тулгуурлан уламжлалт өргөн хэрэглээний гурилаас гадна эко, ургамлын гаралтай түүхий эдээр баяжуулсан, амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан инноваци шингэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг тасралтгүй нэмэгдүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус компанийн үйлдвэрлэлтэй танилцаж байсан бөгөөд өнөөдөр дотоодын хэрэгцээг хангах хүнсний үйлдвэрлэл, тариаланчдыг дэмжсэн түүхий эдийн тогтолцоог хөгжүүлэх нь үндэсний хүнсний аюулгүй байдлын чухал хэсэг болж байна.

Тус компани 2001 оноос хойш 1,000 гаруй тариаланчдаас нийт 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудайг дотооддоо тээрэмджээ. Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаанбуудайгаа дотоодын тариаланчдаас худалдан авч, тэднийг тогтвортой зах зээлээр ханган, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих нэг чухал хүчин зүйл болж байна.

“Улаанбаатар гурил” ХХК 2012 онд Дархан-Уул аймагт салбар үйлдвэрээ ашиглалтад оруулж, 155 хүнийг тогтмол ажлын байраар хангасан. Мөн ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжих хүрээнд “Орон сууц-I” хөтөлбөр хэрэгжүүлж, 35 ажилтныг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгосон бөгөөд цаашид 22 ажилтныг орон сууцаар хангах чиглэлээр хамтрагч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар дотоодын гурилын зах зээлийн 34 хувийг дангаар хангаж буй “Улаанбаатар гурил” ХХК цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортын зах зээлээ өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани БНХАУ-ын холбогдох байгууллагаас бүтээгдэхүүнээ тус улсын зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл аваад байгаа нь үндэсний хүнсний үйлдвэрлэлийн экспортын боломжийг нэмэгдүүлэх нэг алхам болж байна.