

Ажлын цаг дууссан ч зарим хүүхдийн хувьд цэцэрлэгийн өдөр дуусдаггүй. Ээлжийн болон шөнийн цагаар ажилладаг эцэг эхчүүд хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт үлдээдэг. Хүүхдүүд энд өдрийн цагаар хичээллэж, тоглож, хооллоод орой унтана. Маргааш нь дахин хичээл, үйл ажиллагаандаа оролцдог.
Нийслэлийн 283 дугаар цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд 24 цагаар ажилладаг хоёр бүлэгт 50 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Оройн тарах цагаар бусад хүүхдийн эцэг эх ирж байгааг 24 цагийн бүлгийн хүүхдүүдэд мэдрүүлэхгүй байхыг багш нар хичээдэг. Тиймээс эдгээр бүлгийг цэцэрлэгийн мухрын хэсэгт, үүд хаалганаас хол байрлуулжээ.
Анх зорилтот бүлгийн, тэр дундаа хагас өнчин болон өрх толгойлсон эхийн хүүхдүүдийг түлхүү хамруулдаг байсан бол сүүлийн жилүүдэд ээлжийн ажилтай, хөдөө орон нутаг болон алслагдсан газарт ажилладаг эцэг эхийн хүүхдүүдийн хэрэгцээ нэмэгджээ.
Гэхдээ хүүхэд өвдсөн үед эцэг эх нь ирж авч чадахгүйгээс багш өөрөө эмнэлэгт хүргэх, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлага гарах тохиолдол бий. Мөн тусгай хэрэгцээт хүүхдэд тохирсон сургалтын арга, хөтөлбөрийг багш нар өөрсдөө боловсруулан ажилладаг. Тухайлбал, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байжээ. Оройн цагт хүүхдүүд өглөөний хичээл, үйл ажиллагаагаа бататгаж, тоглож, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Багш, туслах багш нар ээлжээр ажиллана.
Цэцэрлэгт хонож эхлэхэд хүүхдэд дасах хугацаа хэрэгтэй. Харин дассан хойноо багш, найзуудтайгаа орчноо гэр шигээ хүлээж авдаг гэж багш нар ярьж байна. Гэсэн ч цэцэрлэг хэчнээн аюулгүй, багш нар хэчнээн халамжтай байсан ч хүүхдийн эцэг эхээ санах, хайр халамж хүсэх хэрэгцээ хэвээр.
Тиймээс хүүхдэд зөвхөн хоол, хувцас, хичээл бус, гэр бүлийн оролцоо, эцэг эхийн анхаарал хамгийн их хэрэгтэй гэдгийг багш нар онцолж байна. Тус цэцэрлэг бага наснаасаа 24 цагийн бүлэгт хүмүүжиж, бэлтгэл бүлгээ төгсөөд сургуульд элсэн орсон 100 гаруй хүүхдийг үдэж, дараагийн шатны боловсролд нь бэлтгэжээ.
