

Монгол улсын 12 аймаг, нийслэл хотод хүрэн бааьгай орж ирсэн гэх 240 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-аас гаргасан шийдвэрийг Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Хөвчийн хүрэн баавгай сум, суурин, аймаг, нийслэлд орж ирсэнтэй холбоотой 240 гаруй мэдээлэл бүртгэгдээд байна. Энэ онд аймаг, нийслэлийн суурьшлын бүсэд хоёр удаа орж ирсэн. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдолтой холбоотой хүчин зүйлс нөлөөлж байна.
Хүрэн баавгайн тоо толгойн тооллогыг 1980 оноос хойш хийгээгүй байна. Хүрэн баавгай нь нэн ховор амьтны тоонд ордог. Юуны түрүүнд ууланд салхинд алхаж, зугаалж байгаа иргэд болгоомжтой байх хэрэгтэй. Мөн ууланд самар, жимс түүх, ан гөрөө хийж байгаа иргэд туйлын сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улсын байцаагч нар шаардлагатай багаж, техник хэрэгсэлгүй, өөрсдийн хүчээр ажиллаж байна. Улсын комисс, Онцгой байдлын комиссоос олс, дээс ашиглан барих зэрэг арга хэмжээ авч байна. Олон улсын хэмжээнд туршлага судалж эхний ээлжид унтуулдаг буугаар хөдөө орон нутгийг хангах, мөн айлгаж үргээдэг бууг импортоор оруулж ирэхээр ажиллаж байна.
Төсөв, санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор бензин, шатахууны зардал байхгүй, өөрсдийн машинаар явж ажиллаж байсан. Үүнд 1 тэрбум 88 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ. Мөн багаж, техник хэрэгслийг худалдан авч өгнө. Тусгай хамгаалалттай газар нутагт тороор барьж авах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Хүний амь насыг аврах үүднээс шаардлагатай тохиолдолд буудах чиглэлийг өгсөн. Дархан-Уул аймагт гурван квот гаргаж өгсөн. Хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай тохиолдолд тусгай зориулалтаар агнах асуудлыг үгүйсгэхгүй.
