

Өнөөдрийг хүртэл Монгол Улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж ирсэн. Харин цаашид хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтыг татахад анхаарч байна. Сэргээгдэх эрчим хүч болон ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулбал холбогдох татварын хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдах боломжтой. Мөн 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд тогтворжуулалтын гэрээ байгуулах боломжтой. Ингэснээр Засгийн газар солигдсон эсэхээс үл хамааран хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг 20 жилийн хугацаанд тогтвортой хадгалах боломж бүрдэнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хамгаалах, шаардлагатай нөхцөлөөр хангах чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллана. Оюутолгой төсөл бол Монгол Улсад хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт. Тус төслийг эрчим хүчээр хангах асуудал олон жил яригдсан ч 15 жилийн хугацаанд шийдэгдээгүй. Нүүрсний цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа боловч санхүүжилтийн асуудал бий.
Харин Оюутолгой компанийн зүгээс сэргээгдэх эрчим хүч ашиглах нь компанийн үйл ажиллагаанд илүү үр дүнтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Гүний уурхайд үйл ажиллагаа тасралтгүй явагдах шаардлагатай учраас эрчим хүчний найдвартай байдал 99.5 хувь байх шаардлагатай. Тэнд 200 орчим ажилтан ажиллаж байгаа бөгөөд тог тасрах боломжгүй. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэх асуудлыг хувийн хэвшилд шилжүүлэх нь зөв гэсэн шийдэлд Засгийн газар хүрч байна. Хувийн хэвшлүүд саналаа оруулж, олон улсын жишгийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар сонгон шалгаруулах зарчим хэрэгжинэ. Үүнд Европын хөрөнгө оруулалтын баг хоёр тэрбумын санхүүжилт олгохоор байгаа.
Маргааш нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулна. Үүний үр дүнд олон жил гацсан Оюутолгойг эрчим хүчээр хангах асуудал бодитоор хэрэгжиж эхлэх боломжтой. Энэ шийдвэр зарим хүмүүсийн ашиг сонирхолд нийцэхгүй байж болох ч Монгол Улс 2030 он гэхэд Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Одоогоор энэ үзүүлэлт 10 орчим хувьтай байна.
