Бусад
1 цагийн дараа
183
"Цалинтай ээж" тэтгэмжийг 250 мянга болгож болох уу?

“Цалинтай ээж” хөтөлбөрөөр 0-3 насны хүүхдээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөг олгох зохицуулалт 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2026 оны есдүгээр сарын байдлаар 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох шаардлага бүхий нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулж эхлээд байна.

2025 онд 0-3 насны хүүхдээ асарч буй эхийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 159,622 хүн авсан гэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистик байна. Үүнд сар бүр ойролцоогоор 7.98 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийтдээ жилийн хугацаанд 91.53 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Гэвч нийт ээжүүдийн амьжиргааны түвшин, өрхийн орлого харилцан адилгүй.

Өнөөдөр 50 мянган төгрөгийг авсан, аваагүйгээс амьдралд нь мэдэгдэхүйц ялгаа гарахгүй, аяга кофе аваад уух ээж байхад нөгөө талд үнэхээр энэ мөнгө хэрэгтэй, хүүхдийнхээ живх, сүүний зардалд нэмэрлэдэг ээжүүд ч байна. Тэгвэл 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох нь улс орны эдийн засаг, төсөв мөнгөд хэр их дарамт болох вэ? Өнөөдөр улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа зэрэг олон асуудлын хажуугаар тэтгэмжид ийм хэмжээний мөнгө төсөвлөх боломж хэр байх бол?

Харин бүх ээжийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгохын оронд одоо сард нийт ээжүүдэд олгож буй 50 мянган төгрөгийг зөвхөн дунджаас доогуур орлоготой ээжүүдэд олговол нэг ээжид ойролцоогоор хэдэн төгрөгийн тэтгэмж очих вэ?

Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна. Харин “Цалинтай ээж” тэтгэмж хүртэгчдийн дунд энэ үзүүлэлт ямар байгааг харуулсан тусгай статистик нээлттэй мэдээлэлд байдаггүй байна. 2025 онд ҮСХ-оос гаргасан өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэсэн судалгаагаар 300 мянган төгрөг хүртэлх орлоготой өрх 2.1 хувь, 300-700 мянга 9.2 хувь, 700 мянгаас 1.1 сая 10.9 хувь, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 14.8 хувийг эзэлж байна.

Тэгвэл уг статистикт үндэслэн дундажлан үзэж, 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрхүүдэд хувааж олговол нийт “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагддаг ээжүүдийн 22.2 хувьд төсөвлөсөн мөнгийг хуваарилж, нэг ээжид дунджаар тоймлоод үзвэл 250 мянган төгрөг оногдохоор байна.

Гадны улс орнуудын хүн амын өсөлтийг дэмжих, бага насны хүүхэдтэй ээжүүдэд олгодог тэтгэмжийн сайн жишээнүүд олон бий. Монгол Улсад жилдээ нэг ээжид 600 мянган төгрөг олгож байгаа бол Швед Улсад төрөлтийг дэмжих чиглэлээр эцэг эхэд нь сард 1,250 швед крон буюу ойролцоогоор 456 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Гэтэл манай улсад жилдээ нийт 600 мянган төгрөг олгож байгаа нь Шведийн сарын 1,250 кронтой харьцуулахад даруй ес дахин бага байна. 

Төрийн халамж хүн бүрт ижил байх ёстой юу, эсвэл хэрэгцээгээрээ ялгаатай байх ёстой юу?