

Саппорогийн ард байрлах “Хөгжил 80 дугаар цогцолбор сургууль”-ийн 10 дугаар ангийн сурагчдад сахуу, татрангийн товлолт вакцин хийхдээ эцэг эхэд нь урьдчилан мэдээлээгүй, зөвшөөрөл аваагүй гэх гомдол гарлаа.
Гомдол гаргасан З.Эрдэнэжаргалын мэдээлснээр, түүний хүүг таван наснаас нь хойш ямар нэгэн товлолт болон бусад вакцинд хамруулаагүй байна. Өмнө нь ангийн багш нь хүүхдийг нь вакцинд хамруулахгүй гэдгийг мэддэг байсан тул ийм асуудал гарч байгаагүй аж. Харин энэ хичээлийн жилд ангийн багш шинээр солигдсон бөгөөд эцэг эхэд вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Тэрбээр өнөөдөр хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байхыг урьдчилан хэлээд, өөрөө сургууль руу нь очсон байна. Энэ үед сурагч мөн ангийн багшдаа “Ээж вакцин битгий хийлгээрэй гэсэн” гэж хэлсэн ч багш нь эмчид өөрт нь хэлэхийг зөвлөжээ. Сурагч эмчид вакцин хийлгэхгүй гэдгээ хэлсэн боловч уг хүсэлтийг үл харгалзан 15 настайд хийх сахуу, татрангийн эсрэг товлолт вакциныг хийжээ.
З.Эрдэнэжаргалын хэлснээр, хүүхэдтэйгээ ярьснаас хойш 10 орчим минутын дараа сургууль дээр очиход вакциныг хийсэн байжээ. Тэрээр сургуулийн эмч нараас “Хүүхэд вакцин хийлгэхгүй гэдгээ хэлсэн байхад яагаад хийсэн бэ?” гэж асуухад “Явдаг газраараа яв, гомдлоо гаргаарай” гэх зэргээр хариулсан. Мөн хүүхэд нь гадаад руу зорчих тохиолдолд вакцинд хамрагдаагүй гэх шалтгаанаар зорчих боломжгүй болно гэсэн тайлбар өгсөн гэжээ.
З.Эрдэнэжаргалын хувьд хүүхдээ таван наснаас нь хойш товлолт болон бусад вакцинд хамруулаагүй бөгөөд эрүүл саруул өсөж байгаа хүүхдэд вакцин хийсний дараа ямар нэгэн сөрөг үр дагавар гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудлыг хөндөж байна.
Монгол Улсын дархлаажуулалтын үндэсний товлолд сахуу, татрангийн эсрэг вакциныг 15 насанд хийхээр тусгасан байдаг. Харин сургуулийн орчинд товлолын вакцин хийхдээ эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, вакцинжуулалтын үйл явцыг холбогдох журмын дагуу зохион байгуулах шаардлагатай. Иймд тухайн сургуулийн хувьд сурагчдад вакцин хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгсөн эсэх, зөвшөөрөл авсан эсэх, мөн сурагч вакцин хийлгэхээс татгалзсан тохиолдолд ямар зохицуулалтын дагуу вакцин хийсэн нь анхаарал татаж байна.
