А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
161
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026" эхэллээ
 
 

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинэ ургац, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй өргөтгөсөн худалдаанд хүнс, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочид болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдаалах нийт 218 асар ажиллаж байна. Уг үзэсгэлэн нь Монгол орны 21 аймгийн шинэ ургац болон брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээр дотоодын үйлдвэрлэгчдийн төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа бөгөөд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахгүй гэдгээрээ онцлог. Ингэснээр хэрэглэгчдэд эх орондоо үйлдвэрлэж, тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь шууд авах боломж бүрдэж байна. Үүний зэрэгцээ улсын тэргүүлэгч үйлдвэрүүд шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн ололтоо танилцуулж, салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгүүдийг зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хүнсний хангамжийн суурь салбарын нэг юм. 2025 оны жилийн эцсийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувь, нийт ажиллах хүчний 49 хувийг бүрдүүлсэн талаар статистик үзүүлэлт гарсан байна.

Энэ үйл явц нь Монгол Улсын хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлоготой ч уялдаж байгаа юм. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилтыг хэрэгжүүлж ирсэн бол газар тариалангийн салбарт “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-2029 онд хэрэгжүүлж байна.

Үүний нэг тод жишээ нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бий болсон үйлдвэрлэлийн шинэ хүчин чадал, бүтээгдэхүүний өсөлт юм. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох зорилгоор хэрэгжүүлсэн уг хөдөлгөөний хүрээнд 2022-2025 онд 2,500 гаруй аж ахуйн нэгж нийт 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдэж, 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ.

Мөн энэ хугацаанд дотоодын зах зээлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 1,000 гаруйгаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл өмнө нь импортоор хангагдаж байсан зарим бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж өргөжиж, хүнсний салбарын үйлдвэрлэлийн суурь бодитоор тэлсэн гэсэн үг.

Түүх сөхвөл Монгол Улс 1959 онд “Атрын I” аяныг эхлүүлж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэн бол 1976 онд эхэлсэн “Атрын II” аяны үр дүнд тариалангийн талбайг нэмэгдүүлж, гурил, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдсэн. Харин 2008-2010 онд хэрэгжсэн “Атрын III” аяны үр дүнд тариалангийн эргэлтийн талбай 270 мянган га-аас 760 мянган га-д хүрч, улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах түвшинд хүрсэн түүхтэй.

Харин өнөөдөр энэ суурин дээр үйлдвэрлэлийн бүтээмж, технологи, нэмүү өртөг, хадгалалт, борлуулалт, экспортын боломжийг нэмэгдүүлэх дараагийн үеийн зорилт тавигдаж байна. 2026 оны хаврын тариалалтаар улсын хэмжээнд нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүний 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалжээ.

Ийнхүү “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг нэг талбарт уулзуулж, дотоодын үйлдвэрлэлийн бодит үр дүнг олон нийтэд харуулах талбар болж байна.

Есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд иргэд эх орондоо тарьж ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, органик болон үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, тариаланчдаас нь шууд худалдан авах боломжтой.