Улс төр
39 мин дараа
316
Сурагчид шагайх номгүй байхад сайд пялдагадаж гүйгээд завгүй

Сурагчдын хичээл эхэлсэн ч шагайж харах сурах бичиг алга. Шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зургадугаар сараас ярьж, шинэ сурах бичиг хэвлэхээр 7 тэрбум төгрөгийн тендер зарласан. Есдүгээр сар гарчихлаа. Ном нь хаана байна? Хариулт нь тодорхойгүй. Шинэ ном гарахгүй бол хуучнаараа хичээллэнэ гээд багш нар ярьж байна.

Гэхдээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан завгүй байгаа. Юунд завгүй байгаа вэ гэж үү? Боловсролд уу? Үгүй ээ. Даргаа өмөөрөхөд.

“Гэрт ойрхон сургууль – Хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн хүрээнд 50 тэрбум төгрөг тусгагдаж, үүнийг зарцуулах тухай улс нийтээрээ харлаа. Тэгтэл Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий “Их Засаг Кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг өгөх гэж байна гэх мэдээлэл гарч ирэхэд Л.Энх-Амгалан сайд өөрөө гүйн очиж, “Excel-д орчихсон нь үнэн, мөнгө аваагүй нь бас үнэн” гэсэн тайлбарыг өгсөн. Сайд даргынхаа асуудлыг тайлбарлахдаа тун шуурхай.

Харин хүүхдийн сурах бичиг, ангт танхимын асуудал дээр ирэхээр энэ шуурхай байдал хааччихдаг нь сонин. Төсвийн тодотголын мэдээллийг гуйвуулсан гэж үзсэн зарим гишүүн рүү сайд дайрч, “Монгол төрийн Түгжилмаа” гэх үг хүртэл хэрэглэв. Энэ нь боловсролын бодлогын асуудлаас давж, сайд-УИХ-ын гишүүний улс төрийн маргаан болсон. Дараа нь сөрөг хүчний намын дарга О.Цогтгэрэлтэй холбоо бүхий хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. “Н.Учрал сайд сохор улаан мөнгө аваагүй хэр нь яригдаж, сэвэгдэж байхад ТЭСО-ийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа нь шударга ёс мөн үү?” гэж сайдаа дахин хамгаалаад авсан.

Сурах бичиггүй хүүхэд хойно үлдэнэ. Гурван ээлжээр хичээллэж буй хүүхэд хойно үлдэнэ. Анги танхим хүрэлцэхгүй байгаа сургууль хойно үлдэнэ. Цэцэрлэгийн хүрэлцээ, өргөтгөл, ширээ сандал, засвар үйлчилгээний асуудал хойно үлдэнэ. Харин сайд нь нэг л зүйл дээр тун идэвхтэй.

  • -Дарга нь шүүмжлүүлбэл өмөөрнө
  • -Өөрөө шүүмжлүүлбэл гишүүдтэй хэрэлдэнэ 
  • -Өөр намын хүн мөнгө авсан байвал сөхөж гаргана

Төрийн сайд хүн даргаа өмөөрөх гэж томилогддоггүй. Боловсролын салбарыг удирдаж, бодлого гаргаж, асуудлыг шийдэх гэж томилогддог. Сурах бичгийн хэвлэлд 7 тэрбум төгрөгийн тендер зарласан ч түмний олон хүүхэд, сурагчид шагайх номгүй сууж байна. Сургуулийн засвар, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ сургууль, цэцэрлэгийн сандал ширээний асуудал түүнд бүр ч хамаагүй бололтой. Гурван ээлжээр хичээллэж, зарим нь онлайнаар хичээлээ орж байхад сайд хүн даргаа өмөөрч гүйсэн хэрүүл хийж яваад байж болох уу?

Энд тэнд очиж дарга, сайдаа өмөөрөх болохоор гарч ирээд хамаг байдгаараа хаацайлж, пялдагадаж гүйдэг.Түмний хүүхдийн боловсролын төлөө сайдын суудалд сууж буй хэрнээ сурагчид анги танхимтай байна уу, сурах бичигтэй байна уу, хамаагүй. Бодлого, шийдэл гаргадаггүй сайд байж болох уу?