М.Нансалмаа
Сэтгүүлч
Байгаль орчин
2026.09.28 11:13
330
Сүүлийн 20 жилд манай улсад хүнсний барааны үнэ 5-10 дахин өсчээ

“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт” сонсгол 9 сарын 28,29-ний өдрүүдэд болно. Сонсголыг УИХ-ын гишүүн М.Мандхай даргалах юм. Тэрээр салбарын нөхцөл байдал болон сонсголын талаар ийн ярьлаа. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай:

Хөдөө аж ахуйн салбарт төрөөс онцгой анхаарч ирсэн. Улаан буудайн урамшуулал, арьс ширний урамшуулал, сүүний урамшуулал, хүнсний ногооны урамшуулал. Ноосны урамшуулал, ноолуурын урамшуулал. Толгой холбочихож ч болохоор, шүлэг шиг уншигдаж байгаа биз. Ер нь урамшуулал ямар нэг байдлаар олгогдож байгаагүй салбар гэж байхгүй дээ. Чацарганы тариалалтад хүртэл өгч байсан юм билээ. Их бага нь уу гэхээс.

Гэхдээ төр өгөөд л байдаг, татвар төлөгчдийн мөнгийг өмнөөс нь шийдэж төр өгсөөр ирсэн атал үр дүн өөрчлөлт гарсан уу. Үр нөлөө сайтай байсан бол өнөөдөр мах 3500 төгрөгөөс 35 мянган төгрөг болтлоо өсөх байсан уу.

Зөвхөн мах ч гэлтгүй гурил будаа, сүү, төмс ногоо гээд өргөн хэрэглээний барааны үнэ бүгд өссөн байгаа юм.Гурил 750 төгрөг байсан бол өдгөө 3450 төгрөг, сүү литр нь 850 төгрөгөөс 4500 төгрөг болтлоо өссөн. Дэлхийн улс орнуудад өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүнсний барааны үнэ өслөө өслөө гэхэд дундажаар 2 дахин өссөн гэсэн судалгаа байгаа бол манайд 5-10 дахин өсчээ. Хамгийн гол нь төрөөс энэ салбарыг бодлогоор дэмжсээр ирсээр байтал ийм үр дүнтэй байгаа нь харамсалтай. Байдгаараа хичээгээд ажиллаж байгаа хэдэн тариаланчид, малчид, ногоочдод энэ урамшуулал очиж чадсан болов уу. Ажиллая, бүтээе гэсэн хөдөлмөрч хүмүүст очсон болов уу. Байгаа олж, хэрэгцээт хүмүүстээ хангалттай тусламж дэмжлэг нь очиж байсан бол өнөөдөр монголчууд хүнсээ олж идэх гэж сарын турш ажилласан бүх цалингаа тавиад туучихгүй байсан гэсэн логик уншигдаж байгаа юм.

Хэрэв зээл тусламж эздэдээ очиж байсан бол салбарын өсөлт заавал харагдах ёстой. Гэвч ургацын гарц нэмэгдээгүйгээр үл барам ерээд оны үзүүлэлтээсээ буурсан үзүүлэлт ч байгаа. Салбарын өсөлт огт байхгүй харин үнийн л өсөлт пуужин шиг өсч, эцэст нь ард иргэд асар өндөр үнээр өдөр тутмынхаа хүнсний хэрэглээг хангаж байна.

Тиймээс хаанаа алдаж ирсэн, хаанаа зөв буруу байснаа дэнслэх цаг одоо болжээ.

Өнөөдөр болон маргааш Төрийн ордонд болох 2008 оноос хойших “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт” сонсгол маш чухал юм.

УИХ бол хууль тогтоох, иргэдийг төлөөлөхөөс гадна хянах чиг үүрэгтэй байгууллага. Тэр хүрээндээ хийгдэх энэхүү сонсголоос иргэд өчнөөн дэмжлэг өгөөд байсан нь зөв юм уу, буруу юм уу, төр өөрөө юун дээр алдав, тариаланчид аж ахуйн нэгжүүд хэр хариуцлагатай ажиллаж ирсэн гэдгээ дүгнэх нэг том боломж юм.