Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
167
Ц.Идэрбат: Хүнсний ногоо тариалсан талбай 6.4 мянган га талбайгаас 14.2 мянган га-д хүрсэн

ХХААХҮ-ИЙН сайд Ц.Идэрбат УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас, хэрэгжилт” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа.

Сонсголын үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөр, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн үр дүнгийн талаар мэдээлэв. Тэрбээр төрөөс хэдий хэмжээний дэмжлэг олгосноос илүүтэйгээр уг дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, бүтээмж, ажлын байр, дотоодын хүнсний хангамжид ямар өөрчлөлт гарсныг бодит үзүүлэлтээр хэмжих шаардлагатайг онцоллоо.

2025 оны байдлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 23.3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45.3 хувь тус салбарт ажиллаж байна. Мөн 58.1 сая толгой мал, 1 сая орчим га эргэлтийн талбай, хүнсний 2600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн 353 үйлдвэр, 1769 цех үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Газар тариалангийн үйлдвэрлэл нэмэгджээ

Сайдын мэдээлснээр “Атрын III аян”, “Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ”, “Атар-4” зэрэг хөтөлбөрийн хүрээнд тариалангийн талбай, үйлдвэрлэл, усалгаатай тариалан, хадгалалт, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарчээ.

Тухайлбал, 2007 оны үзүүлэлтийг 2025 онтой харьцуулахад газар тариалангийн нийт үйлдвэрлэл 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрч, 11.2 дахин өссөн байна. Нийт тариалсан талбай 202.7 мянган га-аас 601.6 мянган га болж гурав дахин, үр тарианы үйлдвэрлэл 114.8 мянган тонноос 614.1 мянган тонн болж 5.3 дахин нэмэгджээ.

Мөн хүнсний ногооны үйлдвэрлэл 76.4 мянган тонноос 282.2 мянган тонн болж, 3.6 дахин өссөн байна. “Атар-4” аяны хүрээнд 83.1 мянган га талбайг эргэлтэд нэмж, 15.6 мянган тонн бордоо нийлүүлэн, 3031 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг сэргээн ашиглалтад оруулжээ.

Мал аж ахуйн салбарт бүтээмжид анхаарна

“Монгол мал”, “Малын эрүүл мэнд” зэрэг хөтөлбөрөөр малын эрүүл мэнд, генетик нөөц, малчдын нийгмийн хамгаалал, мал эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

2009 онд малчдын 10 хувь нь нийгмийн даатгалд, 35 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан бол өнөөдөр уг үзүүлэлт тус бүр 37 болон 80 хувьд хүрчээ. Мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл 2009 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2025 онд 8.7 их наяд төгрөгт хүрсэн байна.

Цаашид малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүү нэг малаас авах ашиг шим, түүхий эдийн чанар, үнэ цэнийг өсгөхөд анхаарах шаардлагатайг сайд онцлов. Үүний хүрээнд малчнаас зах зээл хүртэлх түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж.

Ноолуур, ноос, арьс ширний боловсруулалтыг нэмэгдүүлнэ

Хөнгөн үйлдвэрийн салбарт түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна.

2011-2024 онд 998 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 269.9 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал, 2014-2024 онд 407 мянга гаруй малчинд 78.8 тэрбум төгрөгийн арьс ширний урамшуулал олгожээ.

Мөн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд 384.1 тэрбум, 2026 онд 463.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна. Үүний үр дүнд 2025 онд үндэсний үйлдвэрүүд 6 мянга гаруй тонн буюу нийт ноолуурын 70 орчим хувийг, 2026 онд 4.8 мянган тонн буюу 60 орчим хувийг бэлтгэжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчин, тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар юм.
Өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23.3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45.3 хувь нь тус салбарт ажиллаж байна. Мөн манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108.8 сая га бөгөөд 58.1 сая толгой малтай, 313.2 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1.0 орчим сая га эргэлтийн талбайд 15.0 мянган иргэн, 1,500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Хүнсний салбарт 2,600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1,769 цех үйл ажиллагаа явуулж байна.
 
Эдгээр тоо бол энэ салбарын цар хүрээг харуулж байна. Харин өнөөдрийн сонсголоор бид төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр, олгосон дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодит тоон үзүүлэлт, үр дүнгээр нь танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээгээр бий болсон онцлох үр дүнг салбар тус бүрээр нь танилцуулъя.
 
​Газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн суурийг сэргээж, тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх, үрийн чанар, хангамжийг сайжруулах, усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилгоор 2008-2010 онд 3 жилийн хугацаатайгаар “Атрын III аян”-ыг зарлан хэрэгжүүлсэн.​“Атрын III аян” хэрэгжиж эхэлсэн 2008 оныг 2010 онтой харьцуулан үзэхэд тариалсан 202.7 мянган га-аас 316.3 мянган га-д хүрч, үр тарианы нийт ургац 212.8 мянган тонноос 355.0 мянган тонн, төмсний ургац 134.7 мянган тонноос 167.9 мянган тонн, хүнсний ногооны нийт ургац 77.9 мянган тонноос 82.9 мянган тоннд хүрч, усалгаатай талбайн хэмжээг 43.0 мянган га-д хүрсэн байна.
 
​Ийнхүү “Атрын III аян” нь үр тарианы үйлдвэрлэл, тариалангийн талбай, техник, тоног төхөөрөмж, үрийн хангамж, усалгааны дэд бүтцийг өргөжүүлж, газар тариалангийн салбарын хөгжлийн суурийг бүрдүүлсэн байна.
​Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20.0 мянган га хүртэл талбайд тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэмээр баялаг жимс, жимсгэнээр тогтвортой хангах зорилгоор “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн II үе шатыг батлан, 2010–2012, 2013–2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, жимс, жимсгэнийн тариалалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, боловсруулалт, хөгжлийн суурийг бүрдүүлж, 6,419 ажлыг байрыг шинээр бий болгосон. Тухайлбал, чацаргана тариалах талбай 886.0 га-аас 2.6 мянган га талбайд хүрч, бэлтгэсэн суулгац 5.5 сая ширхэгт хүрч, байгалийн чацаргана, жимс, жимсгэнийн 1.1 мянган га талбайг сэргээн хамгаалсан байна.
​
​Мөн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын суурийг бэхжүүлж, 2012-2014 онд 6.1 тонн чацарганы тос, 16.4 тонн чацарганы шүүсийг тус тус экспортолсон байна.
​Улмаар хүнсний ногооны үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулахын зэрэгцээ усалгаатай тариаланг хөгжүүлэх, хадгалалт, агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар дотоодын хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг батлан 2018-2022 онд хэрэгжүүлсэн билээ.
 
​“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй болон усалгаатай тариаланг хөгжүүлж, суурь түвшинтэй харьцуулахад төмс тариалсан талбай 12.2 мянган га талбайгаас 21.0 мянган га, хүнсний ногоо тариалсан талбай 6.4 мянган га талбайгаас 14.2 мянган га-д, өвлийн хүлэмжийн талбай 19.1 га талбайгаас 32.3 га-д, зоорийн багтаамж 197.5 мянган тонноос 251.6 мянган тоннд хүрсэн байна.
​
​Хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр 46 мянган ажлын байрыг хадгалж, жилд 2.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд 2025 онд ноос, ноолуур, арьс ширний салбарын борлуулалтын орлого 16.8 хувиар өссөн байна.

Хүнсний үйлдвэрлэл, дотоодын хангамжийг нэмэгдүүлжээ

2023-2026 оны эхний хагас хүртэл мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нийт 1.2 их наяд гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Үүний үр дүнд хүнсний салбарт 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал 40 орчим хувь, ажлын байр 42 хувь, бүтээгдэхүүний нэр төрөл 32 хувиар нэмэгджээ.

Тухайлбал, 2020 онд 8 үйлдвэр, цехэд 4 мянган малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгч 3.5 сая литр сүү нийлүүлж байсан бол 2025 онд 37 үйлдвэр, цехэд 9.3 мянган малчин 19.6 сая литр сүү нийлүүлсэн нь 5.6 дахин өссөн үзүүлэлт юм.

2025 оны жилийн эцсийн байдлаар мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 93.7 хувь, малын мах 99.2 хувь, сүү 99.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 79.4 хувь, гурил 80.9 хувь, өндөг 66.7 хувийн түвшинд хүрсэн байна.

Сайд Ц.Идэрбат цаашид төрийн бодлогыг үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээс гадна бүтээмж, чанар, стандарт, боловсруулалт, нэмүү өртөг, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тэрбээр “Төрийн дэмжлэгийн үр дүнг зөвхөн олгосон зээл, урамшууллын хэмжээгээр бус, бий болсон үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байр, техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн өсөлт, дотоодын хүнсний хангамжаар хэмжих ёстой” гэв.