М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.29 14:13
1500
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн С.Амарсайханы сольсон дарга нарыг эргүүлэн томилов

Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Тэмүүлэнг томилсон юм. Шинэ сайд ажлаа аваад ердөө зургаа хонож байгаа бөгөөд эхний томилгоонуудаа хийгээд эхэлжээ. ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг тус тус эргүүлэн томиллоо.

Б.Ганчулуун, Б.Дэлгэрсайхан нар нь эдгээр албан тушаалыг 2026 оны зургаадугаар сар хүртэл хашиж байсан юм. С.Амарсайхан сайдаар ажиллаж байх үедээ сольсон дарга нарыг Г.Тэмүүлэн эргүүлэн авчирчээ. Харин нэгэн шинэ томилгоо нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга Д.Дашнямыг ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд дэвшүүлсэн явдал байв.

Г.Тэмүүлэн сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан А.Намсамандын оронд хэнийг томилох нь анхаарал татсаар байна.