М.Нансалмаа
Сэтгүүлч
Соёл урлаг
6 цагийн дараа
128
Хятад эмэгтэй Монгол Улсыг төлөөлсөн хэвээр байна

Miss Grand International олон улсын гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Amber Yuhan гэх Хятад эмэгтэй оролцож байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Энэ талаар анх Топ модель Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж, тав хоногийн өмнө Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд ханджээ.

Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: "Дипломат шугамаар арга хэмжээ авч эхэлсэн хариу хүлээж байна. Үүн дээр арга хэмжээ авч үр дүн гартал үйлдэл хийнэ" гэжээ.

Яамны зүгээс тэмцээнийг зохион байгуулагчид албан бичиг илгээсэн боловч өнөөдрийн байдлаар хариу ирээгүй хэвээр байна. 

Топ модель Х.Бадамгэрэл: "Монгол Улс тус тэмцээнд 2018 оноос хойш албан ёсны оролцогч явуулаагүй. 2022 онд ОХУ-ын иргэншилтэй эмэгтэйг оролцуулж байсан. Тэр үед өнөөдрийнх шиг газар авч чадаагүй" гэлээ. 

Тус тэмцээний эцсийн сонгон шалгаруулалтыг Аравдугаар сард Энэтхэг улсад зохион байгуулна. Одоогийн байдлаар оролцогчдыг танилцуулж, цахим санал хураалт явуулж байна. Amber Yuhan гэх эмэгтэй Монгол Улсыг төлөөлсөн хэвээр байгаа юм.