

Хүйтний улирал эхэлж, өглөө оройдоо хүйтний эрч нэмэгдэж байна. Энэ үед автобус хүлээж буй иргэдийн хувьд дулаан, нөмөртэй зогсоол чухал хэрэгцээ болдог. Нийслэлд иргэдийг хүйтэнд автобус хүлээх нөхцөлөөс хамгаалах зорилгоор дулаан зогсоолууд байгуулсан. Гэвч бид нийслэлийн хэд хэдэн автобусны буудлын дулаан зогсоолоор орж үзэхэд зарим нь түгжээтэй, иргэд нэвтэрч ашиглах боломжгүй байлаа.
Харин хаалга нь онгорхой байсан зарим зогсоолд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн сууж байх жишээтэй.
“Дулаан зогсоолд орохоор муухай үнэртэй байдаг”
Дулаан зогсоолын нөхцөл байдлын талаар иргэдээс тодруулахад цэвэрлэгээ, арчлалт үйлчилгээ хангалтгүй байдаг талаар хэлж байлаа. “Хүйтэнд гадаа зогсож байснаас зогсоол дотор суувал арай нэмэртэй. Гэхдээ цэвэрлэгээ, үйлчилгээ нь муу, муухай үнэртэй үед ороод суухад хэцүү” хэмээн иргэд ярьж байна. Өөрөөр хэлбэл, дулаан зогсоол байгаа эсэхээс гадна иргэд ашиглах боломжтой, цэвэр, аюулгүй орчин бүрдсэн эсэх асуудал хөндөгдөж байна.
Ханын материалын эцэст байрлах автобусны буудал салхины нөмөргүй учир автобус хүлээж буй иргэд хүйтэн, салхитай орчинд удаан хугацаагаар зогсдог байна. Иргэдийн хэлж буйгаар автобус ч удаан ирдэг тул хүйтэнд гадаа хүлээх хугацаа урт байдаг аж. Үүнээс гадна өмнө нь автобусны пулаан зогсоол байсан ч тус буудлын орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс цугларч, матрас авчран хонодог болсноор эцэстээ тухайн дулаан зогсоолыг ачиж явсан байна.
Дулаан зогсоол иргэдэд бодитоор үйлчилж байна уу? Түгжээтэй зогсоолыг иргэд ашиглаж чадахгүй. Харин нээлттэй зогсоол нь цэвэрлэгээ, арчлалт муу, эвгүй үнэртэй эсвэл зориулалтын бусаар ашиглагдаж байгаа бол иргэдийн хувьд дулаан зогсоол гэх нэрээс өөр бодит ашиггүй болж байна. Тиймээс дулаан зогсоолын тоо хэд байгаагаас илүүтэй хэд нь тогтмол нээлттэй, цэвэр, дулаан, аюулгүй нөхцөлөөр иргэдэд үйлчилж байгаа вэ гэдэг нь энэ өвлийн гол асуудлын нэг болж байна.
