

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын Засгийн газрын 266 сая 885 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Солонго 1, 2 төсөл хэрэгжсэн. Харин ирэх сард сонгон шалгаруулалт нь болно.
Гэвч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тус орон сууцны мкв-ийн үнэ 4 сая 428 мянган төгрөг байх талаар мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ тухайн байршил орчимд орон сууцны үнэ мкв нь 4 сая төгрөгөөс бага буюу 3.3-3.7 сая төгрөгийн ханштай байна. Ингэснээр орлогод нийцсэн орон сууц төсөл цаасан дээрх төслүүдийн нэг болж гэхэд хилсдэхгүй боллоо.
Нөгөөтээгүүр зах зээлийн үнээр нь орон сууцанд орж чадахгүй байгаа иргэд мкв нь 4 сая төгрөгийн үнэтэй орлогод нийцсэн гэгдэх орон сууцанд орж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой.
Зорилтот бүлгийн иргэддээ хүрч чадахгүй Солонго 1, 2 төслийг хэнд зориулж барив? Тус орон сууцанд дунджаас доогуур орлоготой, олон хүүхэд, өрх толгойлсон, ахмад настнуудыг хамруулна гэж байгаа. Гэвч сонгон шалгаруулалтад орлогоор эрэмбэлбэл сарын 3 сая төгрөгийн орлоготой, ямар ч зээлгүй байж гайгүй оноо авахаар байгаа юм.
Тодруулбал, Тус төслийн талаар эдийн засагч Д.Энх-Очироос тодруулахад, Сонгон шалгаруулалт 100 хувь цахимаар явагдана. Гэхдээ орлогоор эрэмбэлэхээр бол сарын 3 сая төгрөгийн орлоготой ямар ч өр зээлгүй байж гайгүй эрэмбэд орохоор байгаа. Гэхдээ өнөөгийн нийгэмд 3 сая төгрөгийн орлоготой, ямар ч зээлгүй ахмадууд, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, залуу гэр бүлүүд хэд байгаа билээ.
Мөн түрээслээд өмчлөх орон сууцны хэлбэрийг иргэд маш ихээр сонирхож, нийгэмд хүлээлт үүсээд байсан. Гэвч Солонго 1, 2 төсөлд ердөө 200 гаруй иргэн л түрээслээд өмчлөхөд хамрагдахаар байгаа. Үүнээс харахад тус төсөл яг зорилтот бүлгийн иргэддээ хүрч чадахгүй, хүлээлтээс маш доогуур байгаа нь харагдаж байна гэсэн юм.
Харин Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр өнөөгийн дундаж цалин 2 сая 482 мянган төгрөг байгаа. Гэвч салбарын сайд та ямар тооцоо, судалгаан дээр үндэслэн мкв-ийн үнийг 4 сая 428 мянган төгрөг байхаар тогтоосон бэ? Үүнийг тань тус төсөлд хамрагдахыг хүссэн олон мянган иргэн мэдэхийг хүсэж байна.
